Дутуу төрөлтийг бууруулах, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ “Сурфактант эмчилгээний арга зүй” цахим сургалт зохион байгуулж байна. Нярайн эндэгдлийг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургалтад оролцож буй эмч, эмнэлгийн ажилтнуудад үүрэг болгов.
Монгол Улсын нийт
нярайн 4.6 хувь нь дутуу, бага жинтэй төрж, энэ нь нярайн эндэгдлийн 66.2 хувийг
эзэлж байгаа тул дутуу төрөлтийг бууруулах, дутуу төрсөн нярайд үзүүлэх эмнэлгийн
тусламж үйлчилгээг сайжруулах, амьдрах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг
сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Нярай судлалын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи болох
сурфактант эмчилгээг хэрэглэснээр, улс орнууд бага жинтэй нярайн амьдрах
чадварыг 90 хүртэл хувиар нэмэгдүүлж байна. Монгол Улсад дутуу, бага
жинтэй нярай эндэх гол шалтгаан нь, амьсгал хямрах хам шинж /48.1 хувь/ тул сурфактант эмчилгээг
хэрэглэх шаардлагатай аж. Нярайн сурфактант эмчилгээ хийх арга зүйн зааврыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар
батлан хэрэгжүүлж байгаа юм.
Сургалтад ЭХЭМҮТ,
Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хүүхэд судлалын
мэргэжлийн салбар зөвлөл, НЭМГ, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга,
удирдлагууд, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд,
нярайн болон хүүхдийн эмч нар хамрагдав.