Хүнс тэжээлийн хөтөлбөрт 7500 гаруй иргэн хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-21 10:54:09

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт зорилтод бүлгийн 1435 өрхийн 7569 иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг үзүүлж байна. 2017 онд зохион байгуулсан Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаагаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд Завхан аймгийн 14336 өрхийн мэдээлэл бүртгэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 22-ны А/16 дугаар тушаалаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагтай өрхийн гишүүн иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ олгох босго оноог 310.0  ба түүнээс  доош оноогоор тогтоосон байдаг аж.

Дээрх үндэслэлээр өнгөрсөн онд 7569 иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан бөгөөд эдгээр иргэд нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулсан дэлгүүрээр дамжуулан үйлчилгээ авч ббайна.

Гэрээт үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүд нь амархан муудах болон лаазалсан, согтууруулах ундаа зэрэг долоон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг эрхийн бичгээр огт олгохгүй байх ёстой. Өнөөдрийн байдлаар гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг нэр төрлийн хүнсний зүйлийг иргэдэд бичгээр олгож байгаа аж.

Дашрамд дээрх дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний чанар, хугацаа болон тендэрт шалгарсан үнээр иргэдэд үйлчилж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, цаашид анхаарах зүйлүүдэд зөвлөмж, шаардлагыг холбогдох газруудаас тухай бүр хүргүүлж ажилладаг аж. 

Related news