Л.Лхасүрэн: Ороо нь орсон бугын цус, сийвэнгээр малын төлөрхөг чанарыг нэмэгдүүлж байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-27 19:31:36

Завхан/МОНЦАМЭ/.Монгол Улсад малын зохиомол хээлтүүлгийн технологи нэвтрүүлсний 60 жилийн ой өнгөрсөн 2018 онд тохиосон билээ. Хэдийгээр түүхэн ой болоод өнгөрсөн хэдий ч Завхан аймгийн Удмын сангийн үндэсний төвийн харьяа Завхан аймаг дахь салбарын захирал гавьяат мал зүйч Л.Лхасүрэн Завхан аймгийн Мал үржлийн станцын түүхэн хөгжлийн талаарх баримт материалыг эмхэтгэж байгаа билээ. Түүнтэй уулзаж Завхан аймгийн мал үржлийн станцын тэр үеийн хөгжил, малын үржүүлэг зохиомол хээлтүүлгийг хэрхэн хийж байсан талаарх ярилцлагыг хийлээ.

-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе ээ. Малын үржүүлэг, биотехнологийн арга хэдийд анх нэвтэрсэн юм бол?

-Малын үржүүлэг, биотехнологийн олон арга дотроос ашиг шим арвин, нэг хээлтүүлэгч малын үрийг хиймэл аргаар авч, олон хээлтэгч малд нэг дор суулгаснаар олон төл зэрэг авах зохиомол хээлтүүлгийн арга дэлхийд 1940-өөд оны эхэнд үйлдвэрлэлд нэвтэрсэн түүхтэй. Манай улсад энэ арга 1953 оноос туршилтын журмаар нэвтэрч, улмаар 1958 онд улсын хэмжээнд нэвтрүүлэхээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 31 дүгээр тогтоол батлагдан, уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн яамны сайдын 189 дүгээр тушаал гарч, хот орчмын сангийн аж ахуй, нэгдлүүдийн малд зөөвөр үрээр зохиомол хээлтүүлэг явуулах малын зохиомол хээлтүүлгийн станцыг Улаанбаатар хотод байгуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үржил-зохиомол хээлтүүлгийн станц 1961 онд 10, 1965 онд 30-ыг байгуулж байсан бөгөөд энэ үед нэг бухнаас 80-150 тугал, нэг хуцнаас 250-350 хурга авч байжээ. Зохиомол хээлтүүлгийн үр дүнд гарсан эрлийз үхэр нь монгол үхэрнээс 5-10 дахин их сүү, махны үхэр 60-70 кг-аар их мах өгдөг сүрэг бий болж, 1990 оны эцсийн байдлаар цэвэр эрлийз үхэр 252.4 мянга, цэвэр эрлийз хонь 1.2 сая, цэвэр эрлийз ямаа 427.9 мянгад хүрч, зохиомол хээлтүүлгийн аргаар жилд 1.9 сая хонь, 40 мянга гаруй үнээг хээлтүүлж байжээ. Харин 1980 оноос малын үрийг -196 хэмд хөлдөөн хадгалах, ашиглах технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 256 дугаар тогтоолоор "Хээлтүүлэгч малын үрийн улсын сан"-г байгуулж, 1984 оны БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 356 дугаар тогтоолоор "Малын зохиомол хээлтүүлгийн төв станц" болгон өөрчлөн зохион байгуулсан байдаг юм. Энэ станцын хүрээнд саалийн механикжсан орчин бүхий аж ахуй, махны чиглэлийн үхэр үржүүлдэг 9 сангийн аж ахуй, Архангай, Булган, Дорнод, Хэнтий, Хөвсгөл аймгуудын эрчимтэй эрлийзжүүлгийн бүсийн 38 нэгдлийн үнээг гүн хөлдөөсөн үрээр зохиомлоор хээлтүүлэх шинэ технологи нэвтрүүлж, жилд дунджаар 40 орчим мянган үнээг хээлтүүлж байжээ.

-Харин Завхан аймгийн Мал үржлийн станцын түүхэн хөгжил хэдийнээс эхэлж байв?

-Мал аж ахуй нь манай орны суурь эдийн засгийн үндэс, ард иргэдийн амьжиргааны эх сурвалж юм. Монгол хүн монгол малыг бий болгосон түүхтэй. Манай ард түмэн мал сүргийг арчлан хамгаалах, сувилан эмчлэх, өсгөн үржүүлэх арвин баялаг уламжлалтай. Ойрын түүхээс сөхвөл 1923 оны 9 сард Засгийн газрын 32-р хуралдаанаар /малын зүйлийг эмнэх, боловсруулан сайжруулах газар/ байгуулж Дотоод яамны харьяанд ажиллуулах болсноор шинжлэх ухааны үндэслэлтэй мал үржлийн ба мал эмнэлгийн ажлын эхлэл болжээ. Хантайшир уулын аймаг өөрчлөгдөж Завхан аймаг байгуулагдан 1931 оны хуралдаанаар аймгийн даргаар П.Дашням, мал тариалангийн даргаар Бадмаарагийг  тавьж 1942 оноос ЗХУ-ын мэргэжилтэн зоотехникч Е.И.Керилов ажиллаж,  1945 оноос дундын зоотехникч  Л.Буян-Өлзий монгол мэргэжилтнээр ажиллаж байсан. Улмаар 1948 оноос анхны дээд мэргэжлийн зоотехникчээр Санжаажав ажилласнаас хойш Лувсандорж, Дамдиндорж, Ч.Бавуу, Ч.Бат-Очир, Б.Доржсамбуу, С.Цагаанбанди гэхчлэн аймгийн ерөнхий зоотехникчээр ажиллаж байсан байна. Харин Мал аж ахуйн үржлийн станц буюу албаны даргаар зоотехникч Ч.Магвансүрэн, зөвлөх О.Д. Репухов нар 1962-1963онд ажиллаж байгаад үргэлжлүүлээд  Ц.Дорж-Юндэн, Б.Мягмар, Л.Лхаасүрэн миний бие 1996-2006 онд, Д.Бямбасүрэн 2006-2018 оныг хүртэл тус тус ажиллаж, аймгийн цөм сүргийн үржлийн төвийн захирлаар мөн миний бие Л.Лхаасүрэн 2006-2018 онуудад ажиллаж байсан. Бидний үед станц дээр зургаан удаа сургалт явуулж 62 техникчийг бэлтгэж, хээлтүүлгийн техникч хийлгэж, тасагт сүүний гарц, тослогийг тодорхойлж тугалын өсөлт, үнээ хээлтүүлгийн календарийг хөтлөх, малын арчилгаа, маллагаанд зөвлөмж өгүүлэн ажиллуулдаг байв. Үржил зохиомол хээлтүүлгийн улсын станц нь 1962 онд байгуулагдаж, Алдархаан сумын партизан Чойбалсан, Яруу сумын Яруу алдар, Жавхлант сумын 35 жил нэгдлүүдийг харьяалан үйлчилдэг байсныг 1967 оноос Эрдэнэхайрхан сумын “Алдар” Цагаанхайрхан сумын “Социализмын төлөө” нэгдлүүдийг үйлчилгээндээ нэмэн авч ажиллуулсан түүхтэй юм.

-Үржил зохиомол хээлтүүлгийн улсын станц гэж яг ямар үйл ажиллагааг явуулдаг байгууллага байсан юм бол?

-Үржил зохиомол хээлтүүлгийн станц нь үржил-селекцийн аргаар малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын өсөлт, нөхөн үйлдвэрлэлийг хангахын тулд мал хээлтүүлэгт дэвшилт технологи, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байв. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр зоотехникч Л.Лхаасүрэн миний бие, С.Уртбаяртай хамтран хөдөө аж ахуйн нэгдлүүдийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эхний таван жилд 4980 үхэр, 262,943 хонинд ашиг шимийн ангилан ялгалтыг хийж байсан. Цөм сүргийн 22471 үржлийн хонь, 496 үржлийн үхэртэй болж, үхэр хонины фермээс  хэсэг тавийг үйлчилгээний нэгдэл бригадуудад байгуулж, малын ашиг шим, ашиглах үйлдвэрлэлийн даалгаврыг, анги чанараар ялгавартай тогтоож, аймгийн төлөвлөгөөний комиссоор хөдөө аж ахуйн нэгдлүүдэд өгч мөрдүүлдэг байв. Тухайлбал жирийн монгол үнээнээс 350 литр сүү, дэд тэргүүн элит рекорд монгол үнээний сууриудаас 400-600 литр сүү, мах сүүний нэгдүгээр үеийн эрлийзээс 600-1300 литр сүү авч байсан. Жирийн монгол хонь 1350г, нэгдүгээр ангийн ба шилмэл ангийн сууриас 1,6-2,0 кг бүдүүвтэр ноосыг ашиглаж, жирийн монгол ямаанаас 260 грамм ноолуур, I-р ангийн ба шилмэл сууриас 360-410 грамм I-р зэргийн ноолуурыг бэлтгэдэг болж улс нийгмийн хөрөнгийг арвижуулдаг байлаа. Мөн анх  станцад малын үр, сүү, ноосны бүрэн шинжилгээ хийх лабораториудыг байгуулж, методик-аргазүйгээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн дээж материалд задлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжийг бүрдүүлэх ажлыг анх санаачилж хийж байв. Ингэснээр өндөр уулын бүсэд намар эрт сэрүүсэж, зохиомол хээлтүүлгийн хээрийн байранд малын үрийг авч ашиглахад хүйтэнд цохилтод өртдөгийг арилгахаар үрийг шингэлэх, удаан хадгалах зориулалтаар хуурай шингэлэгчийг өөрийн лабораторид хийж сумдын хээлтүүлгийн цэгүүдэд хэрэглүүлж байсан нь тэр үеийн нэг шинэ санаачилга ажил болж байв.

-Таныг зоотехникчээр ажиллаж байхдаа шинэ санааг туршиж амжилттай ажиллаж байсан түүхтэй  гэдэг? Та онцлон хүргэвэл?

-1970-1973 онуудад хамгийн их сувайралттай байдаг үнээний ороо, салсралт, ирэлтийг жолоодох синхронизацийн аргаар малын хээл авалтыг нэмэгдүүлэх ажлыг үнээнд туршиж үр дүнг тооцсон юм. Жилийн дөрвөн улиралтай байгальд зэрлэгээр амьдардаг монгол бугын орооны үеийн бэлгийн гормоны идэвх бүхий цус сийвэнг лабораторийн хулгана, гучин хурганд тарьж, үнээний ороог идэвхжүүлэх(МЕ) нэгж тунг тогтоосны дараа үнээнд гурван хувилбараар тарьж хэрэглэн үнээний ороо ирэлт, хээл авалт, тугалалтыг нэмэгдүүлэх ажлыг анх монголд туршсан нь үр дүнтэй ажил болсон юм даг. Энэхүү аргаар тэр үед үнээний ороог идэвхжүүлэхээр хэрэглэдэг органик, химийн ба био бэлдмэл, хээлтэй гүүний цус(СЖК),  бугын орооны өндөр идэвхт  бэлгийн гормонтой цус түүний ийлдсээр таригдсан үнээний ороо ирэлт 80-95,8 хувь, хээл авалт тугалалт 82,3-86,9 болж, хяналтынхаас 15,2-51,4 хувиар хээл авалт болон төллөлт илүү байгааг тогтоож  256-340 үнээнээс 82,4-91,0 хувийн эрлийз тугал бойжуулж аваргын болзлыг хангаж байжээ. Ингээд Монгол улсад ороо нь орсон бугын цус, сийвэнгээр малын төлөрхөг чанарыг нэмэгдүүлсэн ажлыг, оюуны өмчийн газраас өндрөөр үнэлж шинэ бүтээлийн патентыг надад олгосон юм. Мөн 1977 оны Хөдөө Аж Ахуйн сэтгүүл, 1993 оны шинжлэх ухаан амьдрал сэтгүүл, ХАА-н яамны шинжлэх ухааны ололт тэргүүн туршлага мэдээлэлд миний энэ бүтээл гарч нийтийн бүтээл болгосон байдаг юм. Мөн төрийн шагналт Н.Алтанхуяг малын төлөрхөг чанарыг нэмэгдүүлэхээр таны хийсэн Синхронизацийн аргаас өөрийн ажилд авууштай чухал санаа байсан гэж  онцлон ярьж байсан юм. Энэ бол миний оюутан ахуй цагтаа Монголын нэрт эрдэмтэн Д.Дагдаа, Д.Больхорлоо нараар онол дадлагын хичээл заалгаж мэдлэгийг олсон, оюутан байхдаа үхэр, хонины хээлтүүлгийн ажилд дөрвөн сар идэвхтэй ажиллаж дадлага хийж суралцсаны үр дүн юм.

-Үржил зохиомол хээлтүүлгийн станц малын өвчлөл, эм бэлдмэлийг өөрсдөө гаргаж авдаг байсан уу?

-Тэр үед бэлчээр муу нутагт хэт олон үнээтэй сүүн тасгуудын үнээний ороо ирэлт, хээл авалт туйлын муу байдаг байв. Иймд тухайн үеийн зоотехникч нартай хамтран сүүн тасгуудаар явж хоёроос гурван сарын хээлийн өсөлттэй гүүнээс цусыг газар дээр нь авч хээл авалт оройтож байгаа бүх үнээг тарьж, ороог идэвхжүүлж хээл авалтын ажлыг сайжруулдаг байсан. Тэгэхээр тэр үеийн үржил зохиомол хээлтүүлгийн станц болон зоотехникч нар зөвхөн сүү махны гарц гэхээс илүүтэй малын бүхий л төрлийн шим тэжээлийг гарган авах, малын өсөлт бойжилтод анхаарах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг байсан юм. Тухайлбал өөрийн лабораторид төл малын бойжилтыг сайжруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалтаар жилд улаан буудайн исгэлэн, фитонцидын ханд, ходоодны хиймэл шүүс, уураг, чацарганын сироп, алтангагнуур, лидэр, гишүүнэ, сөд, чихэр өвс зэрэг эмийн ургамлын ханднууд, спирт, иодын экстракци, глюкозын уусмал зэрэг 19 төрлийн 2359-3780 литр био бэлдмэл болон говь, завсрын цөөн ургамалтай нутгийн үнээний бамбай булчирхайн хямралыг арилгах, микроэлементийн дутагдлаас гаргах зориулалтаар, иодист кали тэргүүтэй 9 төрлийн микро элемент бүхий бүрэн найрлагат эрдсийн нэмэгдэл тэжээлийг үйлдвэрийн журмаар 20-25 тонныг жил бүр бэлтгэн сум нэгдлүүдэд өгч ашиглуулж байснаар төлийн бойжилт 6,5-11,0 хувиар дээшилж, сүүн тасгуудын үнээний хээл авалт 4,0-6,1 хувиар нэмэгдсэн дүн гарсан байдаг. Тэр үед үржил зохиомол хээлтүүлгийн станц нь улсын төсвөөр  ажилладаг аймгийн мал эмнэлгийн орон тооны лабораторийн хийдэг төлөвлөгөөт био бэлдмэлүүдээс ганцхан АПК-аас бусдыг бүрэн хийж малчдад хүргэдэг байсан байна. Үржил зохиомол хээлтүүлгийн улсын станцын хамт олон лабораторид бэлтгэсэн био бэлдмэл, БНЭНТ зэргээс жилийн төсвийнхөө 60 хувийг олсноор байгууллагадаа хөрөнгө оруулалт хийж, үржлийн мал 2,3 мянгатай болж сумдад явуулах мэргэжлийн ажлын цар хүрээг өргөтгөх, ажлын чанарыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой болсон гэдэг.

-Үржил зохиомол хээлтүүлгийн станц нэрээ өөрчилж үйл ажиллагаа үүрэг чиглэл нь илүү өргөн хүрээг хамарсан байгууллага болсон тухай та дээр хэлсэн.  Яг ямар нэртэй байгууллага болж өргөжив?

-Тиймээ. Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1970 оны 79/196 тогтоолоор Мал аж ахуйн үржлийн ажлын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гарч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн нэгдмэл удирдлагатай болгох зорилгоор Үржил зохиомол хээлтүүлгийн улсын станцыг өөрчлөн Үйлдвэрлэл-туршлагын станц болгох шийдвэр гарсны дагуу Алдархаан суманд 1971 оноос Завхан аймгийн ХАА-н Үйлдвэрлэл-туршлагын станцыг өргөтгөн байгуулж байсан.  Ингээд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцын нэг томоохон чухал ажил бол аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг дээшлүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээг явуулах үүрэгтэй байлаа. Иймд хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн удирдлагаар Завхан аймагт үржүүлж байгаа Сартуул хонь, Буурал ямааны аж ахуй, биологийн онцлогийг судлах, эрдэм шинжилгээний сэдэв, мөн үнээний сувайралтын шалтгаанд нөлөөлж буй хүчин зүйлс, өндөр уулын бүсэд монгол хонийг нэмэгдэл тэжээлд оруулах хугацаа, богийн төлийн өсөлт бойжилтод төллөлтийн хугацаа, бойжуулах аргын нөлөөлөх байдал, өндөр уулын бүсийн нэгдэлд тариалахад тохирох буудай ба тэжээлийн ургамлын сортуудыг сонгох, ферм тасгийн бэлчээр ургамлын бүтэц, ашиглалтын горим, хонины аж ахуйн эдийн засгийн үр ашиг, малын дотор шимэгчдийн хөдлөлзүй зэрэг эрдэм шинжилгээний сэдвүүдийг тэр үед манай байгууллага гүйцэтгэж, холбогдох хүрээлэнгүүдэд тайлагнаж, орон нутагт онол үйлдвэрлэлийн бага хурлыг хийлгэж зөвлөмж гаргадаг байсан. Энэ бол нэрээ өөрчлөөд илүү өргөн хүрээний ажил хийх, эрдэм шинжилгээний судалгаа явуулах үүрэгтэй Үйлдвэрлэл-туршлагын станцын хийж байсан ажлууд юм. Үйлдвэрлэл-туршлагын станцын даргаар ажиллаж байх үедээ дээрх үндсэн сэдвүүдээс гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн олон талт ажлуудаас тухайн улирал, жилийн дотор богино хугацаанд үр дүн нь гарах судалгааны чухал сэдвүүдийг сонгож ХААДС, хүрээлэнгийн эрдэмтдээс зөвлөмж, санал авч батлуулан сумдын тодорхой суурь багт хийлгэх ажлыг өөрийн санаачилгаар зохион байгуулсан нь мөн үр дүнгээ өгч байсан юм. Тухайлбал бог малын хэвтэр хорголыг солих хугацааг тогтоох, 100 толгой бог малыг саахад гарах хөдөлмөр зарцуулалт, хонь хяргах зохистой хугацаа, эр хонь ахарлалтын үр ашиг, хангайн бүсэд хужрын хангамжийн байдлаар бог малын тарга хүч авалтад нөлөөлөх нь, бүс, улирлын байдлаар малын уух усны хэмжээг тогтоох, орон нутагт бэлтгэдэг гар ба үйлдвэрийн тэжээлийг малд нормлон өгөх хэмжээг тогтоох, гүүний хээл цуцрах шалтгаануудыг илрүүлэх, үнээний зохиомол хээлтүүлгийн үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, тулман хөхт ямааны тархалт, биологийн онцлог, аймгийн гурван бүсэд бог малын тарга хүч авалт, тогтолт, туралтыг улирлаар судлахад зоо-цаг уурын гурван ажиглалтын харуулыг ажиллуулан судалгааг хийлгэж 18 сэдвийг аймгийн нам захиргааны дарга нарт танилцуулж байсан юм. Ингээд аймгийн хоёр даргаас эхлээд мэргэжлийн дарга болон ХАА-н системийн дарга нарт туршилт, сорилтын суурь, сэдвүүдийг хариуцуулан ажиллуулж, мал, ХАА-н үйлдвэрлэлийг боловсронгуй болгох, шинжлэх ухааны үндэслэлтэй арга технологийг нэвтрүүлэх ач холбогдолтой ажил болсон байдаг юм. Аймгийн удирдлагууд хүртэл судалгааны ажилд гар бие оролцдог байсан юм шүү дээ. Жишээлбэл тэр үед аймгийн дарга Ш.Агваансодов адууны аж ахуй, унага бойжуулах сэдвээр, аймгийн намын хорооны дарга Б.Бэгзсүрэн малын зүй бус хорогдлын шалтгаан сэдвээр ажиллаж байгаад Б.Бэгзсүрэн дарга эрдмийн зэрэг хамгаалж дэд эрдэмтэн болж байлаа. Зөвхөн зоотехникч мэргэжлийн байгууллагууд бус аймаг орон нутгийн удирдлагууд нэгэн баг болж хамтран судалгааны ажлыг явуулж байсан нь улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдэж байсан юм. Тухайн үед манай аймгийн ХАА-н үйлдвэрлэлд өрнөж байсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг аймагт ирсэн Намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүд, салбар яамны сайд нар сайшааж төвийн хэвлэлүүдэд удаа дараа бичигдэж байсан түүх бий.

-Үйлдвэрлэл-туршлагын станцын үйл ажиллагаа өргөжсөнөөр ямар томоохон ажлуудыг хийж байв?

-1971 оноос хойш Завхан аймгийн Үйлдвэрлэл-туршлагын станцын хамт олон лабораторын нөхцөлөөр мал, төлийн бойжилтыг сайжруулж, халдварт бус өвчнөөс сэргийлэх, эмчлэх мөн доройтсон малыг сувилж тэнхрүүлэхэд бэлтгэсэн 18-22 төрлийн био бэлдмэл, сүүн тасгийн үнээний сувайралтыг багасгаж, хээл авалтыг нэмэгдүүлэхээр  БНЭНТ-ийг хийдэг ажлаа үргэлжлүүлэн явуулж байсан. Энэхүү судалгааны дүнд гаргаж авсан бэлдмэлүүдээ нэгдэл бригадын малчдын малд өгснөөр байгууллагад жилд тэр үеийн ханшаар 350-400 мянган төгрөгийн орлогыг нэмэн олж байсан ба аймагт үржүүлж байгаа Сартуул хонь, Буурал ямаа, Тэсийн удмын адуунаас үржлийн мал худалдан авч, станц үржлийн 2,3 мянган малтай болж байв. Ингээд станцын малдаа гурван төрлийн хээлтүүлэгч бойжуулж, гадна аймаг сумдын захиалга хүсэлтээр үйлчлэх болсон юм. Ингэснээр Үйлдвэрлэл-туршлагын станцаас азарга, хуц, ухна, 8,3 мянган хээлтүүлэгчийг тэр үед 11 аймгийн ХАА-н нэгдлүүд авч малынхаа ашиг шимийг дээшлүүлжээ. Станцын мэргэжилтнүүд ХАА-н нэгдлүүдэд очиж цөцгийн тос ба сүүний тосны агууламжийг тодорхойлж бэлтгэх технологийг сайжруулах, хонины ноосыг бүдүүн, бүдүүвтэр, нарийвтраар нь ялган өгөх, фермүүдийн малыг жин, чанараар нь ялган бэлтгэж тушаалгах зэрэг үйлдвэрлэлийн ажил төдийгүй орлогыг нэмэгдүүлэхэд тусалдаг байжээ. Үйлдвэрлэл-туршлагын станц нь дэргэдээ сорилт туршилтын ба үйлдвэрлэлийн 150-200 га-д тариаланг эрхлэн өөрийн мал аж ахуйн тэжээлийн хэрэгцээг хангаж онцгой ургацтай жил гадагш борлуулалт хийдэг байсан ч түүх бий. Үржлийн ферм суурьт бэлчээр ашиглалтын зураг хийж, ургац сайтай жил олон наст, ерхөг, согоовор гэх мэт ургамлын үрийг комбайнаар хураан цэвэрлэж үрийг тарималжуулах, хэрэгцээт газруудад өгдөг байсны дээр өөрийн ажилчдын хэрэгцээт төмс хүнсний ногоог бэлтгэж, мал махан хоолоор хангах арга хэмжээг авдаг байлаа. Мөн аймгийн хэмжээнд малын үржил селекцийн ажлыг сайжруулж, нэгж малын ашиг шимийг дээшлүүлэхэд ажлаа чиглүүлж, энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр станцын дарга Л.Лхаасүрэн ХАА-н нэгдлүүдийн таван төрлийн малыг хамруулан судалгаа, шилэн сонголт ангилалтыг биечлэн хийснээр Тэсийн голын хурдан удмын адуу, Завхан -Хүнгийн  голын шилмэл тэмээ, Борх-буянт,  Идэрийн голын шилдэг үхэр, Сартуул хонь, Тулман хөхт ноолуурын удмын буурал ямаа зэрэг шилмэл омгийн малыг илрүүлсэн юм. Тухайлбал Алдархаан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Цэцэн-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан, Сантмаргаз, Яруу, Нөмрөг, Отгон сумдын хонины аж ахуйд, Отгон, Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул зэрэг 13 сумын ямааны аж ахуй,  Дөрвөлжин, Ургамал, Цагаанчулуут сумын тэмээний аж ахуйд, Отгон, Алдархаан, Булнай зэрэг дөрвөн сумын үхрийн аж ахуйд, Тэс, Баянтэс зэрэг гурван сумын нэгдэл аж ахуйн үржлийн адуу гэхчлэн таван төрлийн 1,118,000 малд шилэн сонголт ангилалтыг хийснээр хэсэг ферм 28-ыг байгуулж тэдгээрт шилмэл 380,000 мал бий болж анги чанараар нь суурилж ХАА-н нэгдлүүдэд өөрийн биеэр хүлээлгэн өгч байсан юм. Мөн Монгол Улсын зөвлөх, ахмад зоотехникч С.Уртбаяр, Түдэвтэй, Цагаанчулуут, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Яруу сумдын хонин сүрэгт  ангилалтыг биечлэн хийж үржлийн суурь ферм 9-ийг байгуулж, тэдгээрт тохиромжтой хэвшлийн 125,000 үржлийн хонь бий болгон суурилж үржлийн ажлыг удирдаж байсан. Энэ үед мал үржлийн  ферм сууриудын нэгж малаас, улс аймгийн дунджаас анги чанарын ялгавраар илүү ашигласан ашиг шим, бүтээгдэхүүний чанарын дээшлэлтээс,  ХАА-н нэгдлүүдийн тайлан балансаар (тэр үеийн ханшаар) 9,4 сая төгрөгийн орлогыг улсад оруулж 2,8 сая төгрөгийн цэвэр ашгийг ХАА-н нэгдлүүд олж байсан.

-Мэдээж Завхан аймгийн эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл юм. Тиймээс тэр үед мэргэжилтэй алба хаагч нарын хангалт, мэдлэг сайн байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Тэр үед улс аймгийн эдийн засгийн үндэс нь мал, хөдөө аж ахуй байсан учраас суманд ажиллаж байгаа дээд мэргэжлийн зоотехникчид нэгдлийн мал аж ахуй эрхэлсэн орлогч дарга бөгөөд сумын ерөнхий зоо техникчийн албан тушаалын ажлыг хийж мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүхий л ажлыг сумын хэмжээнд удирдан зохион байгуулдаг байлаа. Аймгийн сум, нэгдэл, бригад, ферм, суурьт дээд ба тусгай дунд мэргэжлийн сургуулиудыг төгссөн 33 дээд мэргэжлийн зоотехникч, дундын 114 зоотехникч ажиллаж байсан юм. Мөн 1990-ээд онд гадаадын дээд сургууль төгссөн бэлчээр, тэжээл, усны ба мал аж ахуйн технологич 20-иод зоо-инженерүүд төгсөн ирж ажиллаж байсан юм. Тухайлбал Үйлдвэрлэл-туршлагын станцын удирдлагаар Алдархаан,Эрдэнэхайрхан, Дөрвөлжин зэрэг сумдын нэгдэл, ферм, бригадын зоотехникчид мал аж ахуйн үйлдвэрлэлийг удирдах ба шилэн сонголт тохируулан сонголтын ажлыг хариуцан хийж шинжлэх ухааны  дэвшилтэт арга, зохиомол хээлтүүлгийн ажлыг гардан хийж байв. Эдгээрээс зоотехникч Л.Буян-Өлзий, Ц.Мижиддорж, Д.Буджав, Н.Баасанжав, Д.Оросоо, Ч.Чойсүрэнжав, Ч.Хүүхэнээ, Р.Алтан-Өлзий, С.Чойжамц, Д.Найдансүрэн, Т.Дарьсүрэн, Х.Төмөр, Ч.Намсрайжав, Жамсран, Г.Балгансүрэн, Банзрагч, Х.Сангажав, Х.Сүхбаатар, Д.Бадам, З.Оюунгэрэл, Ц.Энхцэцэг, В.Янжиндулам, Т.Загаржав, Б.Буяндалай нарын 50-иад мэргэжилтэн зоотехникчид зохиомол хээлтүүлэг гэдэг шинжлэх ухааны нарийн ажилд мэргэжилд ур чадвараа дайчлан ажиллаж байсны дотроос хоёр хүн улсын аварга зохиомол хээлтүүлгийн техникчийн болзлыг биелүүлснээс дунд мэргэжлийн зоотехникч Л.Буян-Өлзий улсын аварга техникчийн шагналыг хүртэж байлаа. 1965 оноос хойш 90 ээд оны эх хүртэл ажиллаж байсан зоотехникчид жинхэнэ мэргэжлийн улсууд байсан юм.Тиймээс ч улс аймагтаа орлого сайн оруулж малын үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулахад олон талын ажлыг мэргэжлийн түвшинд маш сайн хийдэг байсан жишээ олон бий. Тухайлбал аймаг жил бүр мах-сүүний чиглэлийн Алатау, Сементаль  бухаар 550-600 үнээнд, ноосны-махны хэвшлийн Цыгайк, Сартуул хуцаар 6,4-7,0 мянган хонинд, ноолуур-махны хэвшлийн буурал ухнаар 1,3-2,0 мянган ямаанд зохиомол хээлтүүлэг явуулж, жилийн сүргийн эргэлтийн зарлагаас гадна цэвэр ба эрлийз үхэр 1,5-2,3 мянга, цэвэр ба сайжирсан хонь 80,6-164 мянга, цэвэр ба сайжирсан ямаа 15,4-120 мянгыг бий болгож байжээ. Мөн 1987 онд Завхан аймагт саалийн механикжсан ферм шинээр байгуулахад гадаадаас валютаар 450 үнээ авахаар төлөвлөсөн байсныг хээлтүүлгийн техникч Л.Лхаасүрэнгийн удирдсан багийн бий болгосон үнээнээс улсын стандартад тэнцэх 400 үнээг сонгон авч ферм байгуулсан нь өнөөгийн ханшаар 600-800 сая төгрөгийг улс нийгэмд оруулсан дүн харагдаж байна. Бас Бүгд Найрамдах Киргиз улс ноолуур-махны хэвшлийн Завхан-Буурал үүлдрийн 120 үржлийн эм ямаа, ухныг өөрийн орны ямаан сүрэгт ашиглаж ашиг шим, амьдрах чадварыг сайжруулсан дүнгээ бичиж ирүүлсэн нь ч бий. Мөн малчдыг малын гарал үүслээ сайжруулахад нь урамшуулдаг тогтолцоог манай станцаас зохион байгуулж сумдаас гойд ашиг шимт мал 350-425-ыг аймаг, бүс, улсад шалгаруулж 144 малд алт, мөнгө, хүрэл медаль, диплом мөнгөн шагналаар шагнуулж үр төлийг олшруулах ажлыг зохиож байсан. Ер нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл амьдралд шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх замаар салбарын удирдлагыг боловсронгуй болгох үүрэгтэй байдаг. Тиймээс  манай Завхан аймгийн хөдөө аж ахуйн Үйлдвэрлэл-туршлагын станцын хамт олон энэ үүргээ нэр төртэй, хийсэн ажилтай бүтээлтэйгээр биелүүлж ажиллацгааж байсан юм шүү дээ. Дээрх ярианууддаа  станцад ажиллаж байсан хүмүүсийг энгийн ажилчин мэргэжилтнээс эхлээд даргыг нь хүртэл нэрлэж хэлсэн учир нь хамт олны нэгдмэл хүч, төр түмний тусын төлөө хүн бүр хариуцсан ажилдаа идэвх, зүтгэл гарган чармайн ажиллаж байсан юм шүү гэдгийг дуулгаж байгаа юм. Аймгийн ХАА-н Үйлдвэрлэл-туршлагын станц гэдэг жижигхэн нэгж, улсын өмнө хариуцсан ажлаа амжилттай биелүүлж байжээ. Эдгээр ажлын эцсийн үр дүн нь зоотехник гэдэг анатоми, физиологи, биологид үндэслэсэн бэлчээр тэжээл, генетик селекцийн онолд суурилсан, эдийн засаг, аж ахуйн өргөн агуулгатай мэргэжлийн шинжлэх ухааны хүч юм гэдгийг Завхан аймгийн мал аж ахуйн салбарт зоотехникчээс өгсүүлээд удирдах албан тушаал хашиж олон судалгаа, шинжилгээний ажилд хүчин зүтгэж байсны хувьд дурсан ярихад таатай байна.                                   

Related news