Хяналтын камер үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-27 14:00:02

Завхан/МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын хэмжээнд ажиллаж байгаа камеруудын тусламжтайгаар Улиастай, Алдархаан сум орчмын эргэн тойронд тавигдах хяналт сайжирч малын хулгайтай тэмцэхэд ихээхэн нэмэр болж байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Өнгөрсөн жил малын хулгай 30 орчим гарч, илрүүлэлт 90 гаруй хувьтай байгаа нь хяналтын камерын давуу тал юм. Тухайлбал Улиастай сумын хэмжээнд жижиг том нийлсэн 162 хяналтын камер ажиллаж байгаа. Эдгээр камерууд нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн, 100-500 метр орчмыг татаж таних болон, холдуулж ойртуулах хүчин чадалтай учир машины марк болон дугаар, хүний царай төрхийг тодруулж татах боломжтой. Тиймээс хулгай болон гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг тухай бүр нь хянах, мөрдөх боломжтой юм. Камеруудын тусламжтайгаар 2018 онд гэхэд 50 гаруй зөрчил, гэмт хэргийг илрүүлээд байна. Мөн гэмт хэрэг үйлдэхээр завдаж байгаа болон үйлдсэн тухай баримттай мэдээллийг 50 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн төлбөрөөр иргэдээс авч байгаа. 12-оос дээш жилийн ял оногдуулах заалттай хүнд гэмт хэргийн тухай болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай террор үйлдэх мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн худалдаа хүний наймааны гэмт хэргийн мэдээлэлд тав хүртэлх сая төгрөг, эрэн сурвалжлагдаж байгаа түүх соёлын хосгүй үнэт зүйлийн мэдээлэлд хоёр сая хүртэлх төгрөгийн төлбөрөөр иргэдээс мэдээлэл авч байгаа хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Related news