Эко шилдэг байгууллагуудыг тодруулж урамшуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/."Миний гоё сум" хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан Эко Завхан аянд идэвхтэй оролцож төрийн байгууллагууд болон 24 сумаас манлайлан оролцож, үр дүн гаргасан байгууллагуудыг тодруулж урамшууллаа.
Завхан аймаг 2018 оноос иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав
тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Миний гоё сум”
хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд сум бүр өнгө
үзэмжээ сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, мэргэжлийн цэцэрлэгчтэй
болжээ. Түүнчлэн орчны бохирдол, доройтлыг
бууруулах, иргэдэд байгаль орчныг хамгаалах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх
зорилготой “Эко Завхан” аяныг нэг жилийн
хугацаатай зарлаж, хагас, бүтэн жилээр дүгнэж шилдгүүдийг урамшуулсан байна. 2018
оны эхний хагас жилд хийсэн ажлаараа шалгарсан шилдгүүдийн шагналыг Үндэсний их баяр наадмын үеэр гардуулсан бол
хоёр дахь хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаараа тэргүүлсэн шилдэг эко
байгууллагуудын шагналыг өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн
БОАЖГ-ын дарга Н.Мөнхбат нар гардуулан өглөө. 2018 оны сүүлийн хагас жилийн
хугацаанд сум орон нутгийнхаа өнгө төрхийг сайжруулж томоохон бүтээн
байгуулалтын ажлуудыг хийж сумынхаа ногоон байгууламжыг нэмэгдүүлснээрээ “Шилдэг
эко сум”-аар Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Их-Уул сум шалгарсан бол “Шилдэг эко байгууллага”-аар Ус, цаг уур, орчны
шинжилгээний газар, Политехник коллеж, Улиастай сумын 7-р цэцэрлэг, “Шилдэг эко
хэвлэл мэдээллийн байгууллага”-аар Завхан сонин тус тус шалгарлаа.
Эко Завхан аян үр дүнгээ өгч байна
Шилдэг эко байгууллагуудыг 500-аас нэг сая хүртэлх
төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан:
-“Эко байна гэдэг бусдын төлөө, ирээдүйнхээ төлөө эх дэлхийдээ хийж буй том
хөрөнгө оруулалт юм. “Эко Завхан” аяны шилдгээр шалгарсан байгууллагууд олон үр
дүнтэй, шинэлэг ажлыг санаачлан зохион байгуулсан. Тухайлбал, Улиастай сумын
7-р цэцэрлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийснээс гадна
өөрсдийн идэвх зүтгэл, санаачилгаараа хөрөнгө босгож хүүхдүүдийнхээ сайн сайхан
орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлж чадсаны үр дүнд тус цэцэрлэгийн хамран
сургалт эрс нэмэгдсэн байна. Менежер хүний сэтгэлгээнээс олон зүйл хамаардаг.
Аймгийн Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах шийдвэр гаргаж,
үйл ажиллагаа нь доголдолтой байсан 7-р цэцэрлэгт 2-р цэцэрлэгийн эрхлэгчээр
ажиллаж байсан Ц.Шандыг томилсноор энэ бүтээн байгуулалт, өөрчлөлт,
шинэчлэлтийг хийж чадсан учраас эзнээ олсон шагнал боллоо. Цаашид бусад
байгууллагууд аяндаа идэвхтэй оролцож, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх
хэрэгтэй” хэмээв.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн
төрийн байгууллагууд ногоон байгууламж хариуцсан цэцэрлэгжүүлэгчтэй болж, албан
байгууллага бүрд нийтийн эзэмшлийн талбай, зам давааг цэвэр цэмцгэр байлгах
үүргийг өгч байгууллага иргэн бүр байгаль орчныг хамгаалах үйлсэд идэвхтэй
оролцож буй нь Эко Завхан аян үр дүнгээ өгч буй том жишээ болжээ. Түүнчлэн ногоон
байгууламжийн олон жилийн туршлагатай Сэлэнгэ аймгийн Шаамар суманд цэцэрлэгжүүлэгч
мэргэжлээр суралцуулсан иргэд модны тайралтыг зөв хийснээр өнгөрсөн жил
Улиастай хотод анх удаа модны цагаан хөвөнгүй цэвэрхэн зун, намар боллоо. Мөн
Улиастай хотын ногоон байгууламж эрс нэмэгдэж зүлэг 50-60 см ургасан бол нийт
тарьсан модны 90 хувь нь амьдарсан зэрэг олон үр дүн гарч байгаа ажээ. Цаашид
албан байгууллагууд хариуцсан замынхаа дагуу мод тарих ажлыг зохион байгуулахыг
аймгийн Засаг дарга шагнал гардуулах үеэр уриаллаа. “Эко Завхан” аян энэ онд
дахин үргэлжилж хагас, бүтэн жилээр шилдгүүдээ тодруулах юм байна.
1300 орчим хүнд байгаль орчны чиглэлээр нөлөөллийн ажил
хийжээ
Завхан аймгийн 2018 оны сүүлийн хагас
жилийн эко байгууллагаар шалгарсан Политехникийн сургууль нь аяны хүрээнд
сургуулийнхаа анги танхим бүрийг цэцэгжүүлж гадна талбайн ногоон байгууламжийнхаа
тоог нэмжээ. Мөн байгууллагынхаа эргэн тойрны нийтийн эзэмшлийн зам талбайг
хоггүй байлгах, тухайн багийн нутаг дэвсгэр дэх голын ай савыг сар бүр
байгууллага, хамт олноороо цэвэрлэдэг уламжлалтай болжээ. Завхан аймгийн Цаг
уур орчин шинжилгээний газрын тухайд эко Завхан аяны хүрээнд аймгийн хэмжээнд
агаарын бохирдлыг бууруулах, орчны бохирдлыг бууруулах, байгууллагынхаа ногоон байгууламжийг
нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ, нөлөөллийн ажлуудыг зохион
байгуулжээ. Мөн тус байгууллага аймагтаа анхдагч цахилгаан халаагуурыг ашиглаж
агаарын бохирдлыг бууруулах бүтээлч санаачилгыг ажил хэрэг болгосон байгууллага
ажээ. Харин орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эко Завхан аяны
хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийж ногоон байгууламжаа нэмэгдүүлж нийтийн
эзэмшлийн зам талбайн тохижилт, орчны бохирдлыг бууруулах талаар байгууллага,
сумуудын хийж буй ажлуудыг сонин, сайт, телевиз, сошиал орчинд мэдээлжээ.
Түүнчлэн сайн мэдээллийг олон нийтэд хүргэхээс гадна саар, шүүмжлэлтэй нийтлэл,
цуврал мэдээлэл бэлтгэн хүргэжээ. Завхан сонины хувьд эко Завхан аяны хүрээнд
жилийн турш нийт 70 гаруй сурвалжилга ярилцлагыг хүргэхээс гадна хот хоорондын 720
гаруй зорчигч, 560 орчим ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, иргэдэд орчны
бохирдол доройтлыг бууруулах, агаарын бохирдол, байгаль орчны тогтвортой
хөгжлийн чиглэлээр сургалт нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулжээ. Мөн байгаль орчны тогтвортой хөгжил, эрчим
хүчээ хэмнэх, хогийг ангилан ялгах, байгаль орчноо хамгаалах зөв дадал бүхий
нийтлэл, зөвлөгөө, хууль эрх зүйн булан бүхий 18000 гаруй ширхэг сониныг жилийн
турш иргэдэд үнэ төлбөргүй өгч олон нийтэд нөлөөллийн ажил хийжээ.