Монгол адууны удмын санг хамгаалахын төлөө шинэ холбоо байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол адууны удмын санг хамгаалахын төлөө зүтгэж, зорьж байгаа уяач, адуучид, малчид, орон нутгийн уяачдын холбоод болон ТББ-уудын төлөөллөөс бүрдсэн нөхөд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо /МҮМУУХ/ байгуулах болсон талаар өнөөдөр мэдээллээ.
Тэд, "Хүн төрөлхтөний соёлын биет бус өвд оруулсан монголчуудын хамгийн том соёл бол монгол наадам юм. Монгол наадам соёлын биет бус өвийн нэг том үнэт зүйл бол Монгол Улсынхаа Төрийн сүлдэнд залсан Монгол адуу нь монгол хүний эрхэм дээд мөнхийн бахархал" хэмээн онцолж байв.
Энэхүү хурлыг санаачлагчдын нэг Ю.Үнэнбүрэн: “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтөний Төлөөллийн жагсаалтад “Монгол наадам”-ыг бүртгүүлэхдээ “Эсгий туургатны нийгэм төрийн Их баяр-Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолын үеэр эрийн гурван наадам хийдэг байсан. Улмаар эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон бөгөөд хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг” гэж бүртгэсэн. Харин өнөөдөр хурдан морины уралдаан тойрсон маргаан нь монгол наадмын соёлын өвийн утга, мөн чанарыг алдагдуулах болсон. Бид хурдан морь сонирхогч, уяач маш олон хүний санал хүсэлтийн дагуу “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо”-г байгуулах санаачлага гаргаж байна. Үндэсний их баяр наадам буюу улс, аймаг, сум дүүргийн баяр наадмаар зөвхөн монгол адуугаа уралдуулах зорилгоор энэ холбоог байгуулахаар Ажлын хэсэг гарган ажиллаж байна” гэлээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач С.Амартайван: Өнгөрсөн нэгдүгээр сард болсон Монголын морин спорт уяачдын холбооны YII их хуралд оролцсон төлөөлөгчид хувийн явцуу эрх ашгаа бодож хурдан морины сэрвээний өндрийг л хэмжиж уралдуулна хэмээн шийдвэрлэсэн. Энэ нь маш бодлогогүй шийдвэр. Тус их хурлаар энэ мэт олон буруу шийдвэр гаргасан. Монголын ард түмний баяр, цэнгэлийн манлай болсон Монгол наадам бол үндэсний уламжлалт соёлын өв бөгөөд зөвхөн хурдан морины уралдаан, тэмцээн спорт огт биш юм. Өнөөдөр улс орны хэмжээнд авч үзэхэд ард иргэдийн 95 хувь нь зөвхөн монгол адуугаа уралдуулахыг дэмжиж байгаа. Одоогоос 20 орчим жилийн өмнөөс л цөөн тооны эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс импортоор гадны үүлдрийн адуу оруулж ирэх болсон. Эрлийз адуу нь нэг дэх үедээ л хурдан байдгийг судлаачид баталсан. Сүүлийн үед адууны шинэ төрлийн өвчин гарах боллоо. Өнгөрсөн намар зүүн аймгуудад олон зуун адуу үл мэдэх өвчнөөр үхэж хорогдлоо. Энэ бол монгол адуунд аюулын харанга дэлдэж байгаагийн тод жишээ гэж онцолсон юм.
“Сүүлийн
10 гаруй жилд эрлийз адуутай баячууд л түрүүлдэг, айрагддаг болсон. Харин
монгол адуу нь арван хэдээр л давхиж байгаа. Манай уяачдын том цолтой, хөрөнгө
чинээтэй улсууд нь өөрсдийн хүсэл сонирхлоо дээгүүрт тавьж, Монголын уламжлалт
өв соёлыг алдар нэр, эд мөнгөний уралдаан болгож байна. Монгол түмний өв соёлын
нэгэнд морин уралдааны их өв соёл, уламжлалт дэг ёс, зан үйл багтдаг. Бидэнтэй нэгдэж Монгол үндэсний морин уралдаан, уяачдыг холбоо
байгуулахыг хүсвэл www.mongolnaadam.mn сайтаар орж бүртгүүлэн, холбооны гишүүний бүртгэлд хамрагдаж манай
анхдугаар их хурлын төлөөлөгчөөр оролцох боломжтой. Мөн 88181181 дугаар утсаар
бүртгүүлж болно”
хэмээн тус хэвлэлийн бага хурлыг санаачлан зохион байгуулсан
Ш.Ариунболд, Ю.Үнэнбүрэн, С.Амартайван, Г.Төмөрхадуур Н.Галбадрах, Н.Санжаадорж
тэргүүтэй хүмүүс мэдээлсэн юм.