Баян-Өлгийн малчдад 700 тонн өвс олгохоор боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хаваржилтын байдалтай танилцах шуурхай ажлын хэсэг өчигдөр Ховд аймагт ажиллаж, өнөөдөр Баян-Өлгий аймагт ирээд байна.
Энд хаваржилтын байдлыг
үнэлж, дүгнэснээр улсын нөөцөөс тус аймагт 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50
хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэв. Мөн аймгийн Хүнс, ХАА-н газар болон зарим сумын
Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин хэрэгтэй байгаа талаар Сангийн
яам болон ЭМЯ-нд уламжлах,
импортоор орж байгаа тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх талаар Засгийн газарт
танилцуулахаар боллоо.
Энэ өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас Баян-Өлгий аймагт оны эхний
хоёр сарын байдлаар 25 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдож, 26 мянга гаруй толгой мал хээл хаяж, аймгийн 12 суманд хаваржилт хүндрээд байна. Алтай,
Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын
зарим баг, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй
бус хорогдол нэмэгдэх, мал төллөхөд хүндрэл учрахаар байна. Бэлчээрийн ногооны
гарц муугаас өнгөрсөн зун, намар мал тарга хүч сайн авч чадаагүй, өвөлдөө мөн
тэжээлийн хомсдолд орсноос мал хорогдож буйг орон нутгийн удирдлагууд
танилцууллаа.
Өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулахын тулд орон
нутгийнхан хүчээ дайчлан дундаас доош тарга хүчтэй малыг
нэмэгдэл болон байнгын тэжээлээр хангаж, малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийг
бүрэн зарцуулж, аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр аймгийн аюулгүйн
нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл хуваарилжээ.
Аймгийн хэмжээнд болон зэргэлдээ аймгуудад намар хадсан хөх боодол өвс 8500-12000 төгрөг, мөс хөлдсөний дараа зундаа намаг, усан дундуур байсан шим сөл муутай боодол өвс 5800-7600 төгрөгийн үнэтэй байна. ОХУ болон Казахстанаас импортоор оруулж ирж буй нэг уут хорголжин багсармал тэжээл 26 000 төгрөг, алслагдсан газруудад 35 000 төгрөгт хүрч өсжээ. Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлийг хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, импортоор авч байгаа хүчит багсармал тэжээлийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, ОХУ-аас өвс оруулж ирэх талаар хэлэлцлээ.