Хаягдал ашиглан хийсэн сандлаа эмнэлэгт хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Байгаль орчин, иргэний
зөвлөл (МБОИЗ) ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төвд
эмчлүүлэгчдэд зориулан 20 ширхэг сандал хандивлав.
Тэрээр өөрийн бичсэн “Хог хаягдлын менежмент” номын
борлуулалтын орлогоор хаягдал гялгар уут, хуванцар сав цуглуулан тэдгээр сандлыг “Сан оргио” ХХК-д
хийлгэжээ. Б.Эрдэнэ хэлэхдээ, “Тус эмнэлгээр орох бүрт хүлээлгийн танхимуудад эмчлүүлэгч,
үйлчлүүлэгчид суух сандалгүй хэцүүхэн харагддаг. Тиймээс энд ирэх бүртээ энэлж
шаналсан өвчтөнүүд тэдний ар гэрийнхнийг хөлөө амраах сандалтай болгохыг
зорьсон юм. Тэгээд зорилгоо биелүүлж, номынхоо борлуулалтын орлогыг хураасаар
20 ш сандал бэлтгэж гэр бүлийн хамт хандивлаж байна. Ямар ч байсан нэг удаа 100
хүн суух сандалтай боллоо. Хавдар судлалын төв эмнэлгийн 2, 3, 4-р давхар болон
ангиографийн тасгийн үүдэнд сандлуудаа байрлуулсан” гэв. Тэрээр “Нэг сандал
хийхэд 25 кг гялгар уут орсон. 20 ш сандал хийхэд 500 кг хаягдал гялгар уут
ашигласан. Бас нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажлыг хийсэн” гэж
байв.
Энэхүү сэтгэл зүрхээ зориулж хийсэн сайн дурын ажлыг
санхүүжүүлэх эх үүсвэрийг тавьж өгөн "Хог хаягдлын менежмент" номыг
хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох ажлыг дэмжсэн НҮБ-ын “GEF MONGOLIA” төслийнхэн, номын худалдан авагч Өмнөговь аймгийн Засаг
даргын Тамгын газар, Баян-Өлгий болон Говь-Алтай аймгийн сумд, Үндэсний төв
номын сан, Улаанбаатар хотын Нацагдоржийн нэрэмжит номын сан, Монгол Улсын зөвлөх
инженер Г.Дамба,
Монголын Хог хаягдлын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батжаргал болон үйлдвэрлэгч “Сан Оргио”
ХХК-ийн ерөнхий менежер Н.Болормаа
нарт талархаж буйгаа тэрээр илэрхийлсэн юм.