Сайн үйлсийн төлөөх сайн дурынхны хөгжлийн нэгдсэн төв байгуулагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-19 14:46:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучууд хөгжлийн газар, “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж “Нийслэлийн Залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв” нээж байгаагаа мэдэгдлээ.

Энэ талаар “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Бямбабатаас тодруулбал, “Манай байгууллага 2009 онд байгуулагдсан, сайн үйлс бүтээх залуусыг сайн дураар нэгтгэдэг юм. Бид 1000 гаруй залуугаас санал асуулга авч судалгаа хийхэд 500 гаруй нь нийгмийнхээ сайн сайхан, сайн үйлсийн төлөөх сайн дурын үйл ажиллагаанд оролцохоо илэрхийлсэн юм. Тиймээс бид залуусын хэн нэгэн, бусдад туслах гэсэн сэтгэлгээг төлөвшүүлж, нийгэмд хандах оролцоог ханган нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ тал дээр Нийслэлийн Залуучууд хөгжлийн газартай хамтран ажиллахаар болсондоо баяртай байна” гэв.




Залуучууд хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэлэхдээ, “Одоо залуус маань сайн дурын ажлыг “хайж” явах бус төвлөрсөн нэг газартай болж байна. Бид сайн дурын үйлсэд оролцогч залууст Нийслэлийн захиргааны 5-р байранд өрөө гаргаж өгөн төв байгуулж байна. Энд “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ бие даан ажиллах юм. Төвтэй, байртай болсноор залуус эвлэлдэн нэгдэх нэг газартай болж, нэг ёсондоо сайн үйлсийн төлөө төвлөрч байна гэсэн үг. Ингэснээр сайн дурын ажил үйлсийн ач холбогдол, соёлыг залууст түгээх, сайн дурын ажилтнуудыг чадавхжуулж хөгжүүлэхэд дөхөмтэй болж, нийгмийн хөгжилд залуусын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлнэ.

Бид үүнээс гадна сайн дурын ажил хийж буй залуучуудын ажилласан цагийг баталгаажуулж байгаа” гэв.

Нийслэлийн залуучуудын сайн дурынхны төв доорх ажлуудлыг хийх юм байна. Үүнд:

  • Хүүхэд залуучууд, олон нийтийн хөгжлийг түгээх,
  • Хүрээлэн буй орчин, байгаль орчноо хамгаалах,
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх,
  • Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлээс сэргийлэн ажиллах,
  • Ахмад настнуудад үйлчилж туслан нийгмийн халамжийн үйл ажиллагаа явуулах,
  • Мөн зорилтот бүлэгт чиглэсэн тусламж үйлчилгээ үзүүлэх,
  • Үе тэнгийнхэндээ албан болон албан бус боловсрол олгох,
  • Хүний эрхийг хамгаалах,
  • Хувь хүний бүтээлч чадавхийг хөгжүүлж иргэдийн санал санааачилгыг дэмжих,
  • Хотын соёл, иргэдийн ухамсар, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр тус тус ажиллах юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news