Аялал жуулчлалын "ITM Mongolia-2019" үзэсгэлэн 20 дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-19 18:39:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг Ай Ти Эм (ITM) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 20 дахь жилдээ болох гэж байна.  

Гуравдугаар сарын 29-31-нд “Мишээл Экспо” төвд болох энэ удаагийн үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, албан ёсны түншээр Увс аймаг, дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллаж байна. Ай Ти Эм нь нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагддаг, гадаад, дотоодын оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол Улсад зохион байгуулдаг хамгийн том үзэсгэлэн бөгөөд аялал жуулчлалынхан шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдгаас гадна энэ салбарын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжтой байдгаараа давуу талтай.

Энэ удаагийн үзэсгэлэнд Япон, Тайланд, ОХУ, БНХАУ, Тайвань, Буриадын төлөөлөл оролцож аялал жуулчлалын хөгжил, шилдэг үйлчилгээ, иннновацийн талаар хэлэлцэж, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтын ажиллагаагаа танилцуулах аж.

Үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцэж, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болох юм. Сүүлийн өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нээлттэй ажиллах юм.


Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж”-ийг зохион байгуулах аж. Үүгээр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, мөн хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, дадлага хийх газраа эртнээс сонгох боломжтойг зохион байгуулагчид мэдээлж байна. Мөн Монголд ажил эрхэлж буй гадаад, дотоодын иргэний агаарын тээврийн компаниуд шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм байна.

Б.Болд

Related news