Бизнес эрхлэгчдийг зөөврийн ажлаар хангаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны ЖДҮ хариуцсан газрын удирдлага, Нийслэлийн
үйлдвэрлэл-инновацийн газар, хэлтсийн дарга нар Улаанбаатар хотод ажиллаж буй
зарим бичил, жижиг үйлдвэр болон Нийслэлийн инновацийн төвөөр орж бизнес
эрхлэгчидтэй уулзлаа.
Тэдний орсон Чингэлтэй дүүргийн “ЖДҮ-ийг дэмжих төв” өөрийн байранд бизнес эрхлэгчдийг сургах, ажиллуулах зэргээр дэмжихээс гадна, өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг зөөврийн ажлаар ханган ажлын байрыг нэмэгдүүлжээ. Сүхбаатар дүүргийн мөн ЖДҮ-ийг дэмжих төвийн бойжигчидтой уулзахад бизнес эрхлэгчид зээлийн санхүүжилт хэрэгтэй байгааг хэлж байв.
Тус дүүргийн бизнес
эрхлэгч О.Батнайрамдал, “Өнөөдөр хүн бүр үндэсний бараа,
бүтээгдэхүүнээ хэрэглэхийг эрмэлздэг. Гэвч
БНХАУ-аас орж ирж байгаа адил бараанаас үнэтэй байдаг нь бид техник,
технологигүйдээ л байгаа юм. Дотоодын үйлдвэрлэгчид маань ихэнхдээ гараар
үйлдвэрлэж байна. Өртөг зардал өндөр гарч байна. Тоног төхөөрөмж авья гэхээр
заавал зээл авах болдог. Дээр нь борлуулах сүлжээ байдаггүй” хэмээн
учирлаж байв.
Сонгинохайрхан дүүргийн “Монголд үйлдвэрлэв” дэлгүүрээр орвол, тэднийхэн өөрийн болон бусад дүүрэгт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан, борлуулж буйгаа танилцуулав. Нийслэлийн инновацийн төвөөр ороход энд гарааны бизнес эрхлэгчдийн шинэ санаа, технологийг шинэчлэн сайжруулж бүтээгдэхүүн бий болгоход дэмжин ажиллаж байгаагаа ярив.
Б.Болд