Ц.Батбаяр: Ой хээрийн бүсэд зорчихыг хориглосон эрхийг бүх шатны Засаг дарга нарт олгосон
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг
суманд ойн 300 орчим нөхөрлөл байгаа ч гал түймрийн үед зориулалтын хувцас,
хэрэглэл байхгүйн улмаас түймэртэй
улаан
гараар тэмцэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байна” гэж БОАЖ-ын дэд сайд, Түймрээс хамгаалах
ажлыг зохицуулах үндэсний зөвлөлийн дарга Ц.Батбаяр хэлж байна.
Тэрээр саяхан Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт ажиллаад ирсэн юм. “Энэ өвөл олон жилийн дундажтай харьцуулахад цас бага орж, хуурайшилт их, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Тиймээс Шадар сайд Ө.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий хамтарсан тушаал гаргаж, орон нутгийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн” гэв. Дээрх тушаалаар түймрийн аюулын зэрэглэл нэмэгдсэн тохиолдолд ой хээрийн бүсэд зорчихыг хориглосон эрхийг бүх шатны Засаг дарга нарт олгооод байна.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлэхдээ, “Газар дээр нь ажиллаж байхад
орон нутагт харамсалтай нь ой, хээрийн
түймрээс байгаль орчинд учирсан хохирлыг тооцож, эзэн холбогдогчийг тогтоох
ажлыг хийхгүй байна. Тиймээс түймрээс учирсан хохирлын
төлбөрийг нэхэмжлэхгүй байна. Уг нь тухайн төлбөр нь эргээд байгаль орчныг
сайжруулах, нөхөн сэргээхэд зарцуулах учиртай юм. Гэвч тухайн аймаг, сумын
мэдээлэл одоо болтол байхгүй байна. Иймд түймрээс учирсан хохирлыг
тооцох, тогтоох ажилд Засаг дарга нар хууль, журамд заасны дагуу эрх, үүргээ
биелүүлж ажиллах шаардлагатай байгааг анхааруулсан” гэв.
Тэрээр нь цааш нь
хэлэхдээ, “Манай улсад гарч буй гал түймрийн 70 хувь нь хүний
буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байна. Тиймээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлыг
хийхийг чухалчилж байна. Энд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гал түймрээс
урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд түлхүү хүргэж, аялж, зугаалж буй иргэд гал
алдахаас сэрэмжлэх хэрэгтэй байна” гэв.
Сүүлийн 30 жил буюу 1986-2016 оны хооронд 5468 удаагийн
түймэрт 11.0 сая га ой, 96,8 сая.га бэлчээр шатаж, 345,5 тэрбум төгрөгийн
экологийн хохирол учирчээ. Энэ нь жилд дунджаар 170 гаруй удаа түймэр
гарч, 11.1 тэрбум төгрөгийн хохирол гарч байна гэсэн үг.