ЖДҮХС-гийн зээл олгох эрх зүйн орчинг сайжруулахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-02 18:56:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинар өнөөдөр эхэллээ. Семинарт оролцогчид, ЖДҮХС-гийн зээл олгох хүртээмжийн асуудалд анхаарч, эрх зүйн орчныг сайруулахыг зөвлөв.

Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 36 орны төлөөлөл, Польш Улсын төрийн байгууллагын төлөөлөл, ЖДҮХС-тай хамтран Монгол Улс дахь жижиг, дунд үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, хөгжингүй орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх боломжийг дээрх семинараар хэлэлцэж байна.


БНПУ-ын Гадаад хэргийн яамны эдийн засгийн хамтын ажиллагааны орлогч Конрад Паулик, “Польш улсад ажиллах хүчний 70 гаруй хувь, ДНБ-ий 50-иас илүү хувийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбар бий болгодог. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний гуравны нэгийг жижиг дунд үйлдвэрлэлүүд эзэлж байна. Энэ түвшинд хүрсэн нь тус улсын сайн бодлого, эрх зүйн зохицуулалт юм. ЖДҮ-ийг сайжруулсан туршлагаа монголчуудтай хуваалцахаар энэхүү семинарт хөгжингүй 36 орны төлөөлөл оролцож байна. Миний харснаар, Монголын экспортын бүтээгдэхүүний 10 хувийг л жижиг дунд үйлдвэрлэлийн салбар гаргаж байна. Монгол Улсын хувьд, хэд хэдэн бэрхшээл байна. Түүнээс онцлоход, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн хүртээмж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах асуудал. Монгол, Польшийн мэргэжилтнүүд дээрх саад бэрхшээлийг хэлэлцээд, маргааш семинарын төгсгөлд зөвлөмж гаргана” гэв.



ЖДҮ-үүдэд үзүүлэх зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ЖДҮХС-гаас үзүүлж буй үйлчилгээний тоо, төрлийг нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн зээлийн барьцааны шаардлагыг хялбаршуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатайг төлөөлөгчид мөн зөвлөлөө. 


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Уг төслийн тайланд манай улсын ЖДҮ-үүдэд үзүүлэх зээлийн хүртээмжийг хялбаршуулснаар, дотоод, гадаад зах зээлээ өргөжүүлэх, хөрөнгө оруултыг нэмэгдүүлэх боломж нэмэгдэж, улмаар эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.  


Энэ үеэр ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгоход тулгарч байгаа эрх зүйн асуудлыг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодруулсан юм. 

Тэрбээр, “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй ЖДҮ-ийг дэмжих тухай хуулинд жижиг, дунд гэж ангилсан хэрнээ бичил ААН-ийн талаарх ямар ч зохицуулалт байдаггүй зэрэг асуудал байна. Харин Ж.Ганбаатар нарын УИХ-ын таван гишүүн “Жижиг, дунд үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл боловсруулсан байна. Одоо хаврын чуулганаар эл хуулийн төслийг УИХ хэлэлцэнэ. Дээрх шинэчилсэн хуулийн төсөлд бичил, жижиг, дунд гэх ангиллыг бий болгосон. Ингэснээр, жижиг буюу 50 хүртэлх ажилтантай, жилийн 500 сая төгрөгийн орлоготой ААН-үүд ЖДҮХС-гаас шууд зээл авна. Өөрөөр хэлбэл, банкаар дамжихгүй, банкны хүү төлөхгүй гэсэн үг. Түүнчлэн хуулинд "Кластер" хэмээх шинэ нэр томьёог оруулж ирсэн. Энэ нь хэд хэдэн үйлдвэр нэгдэж, түүхий эд, материалаа нэг дор захиалж бүтээгдэхүүн үйлдвэрлээд, нэгдсэн байдлаар экспортод гаргахыг хэлнэ. Хэд хэдэн орны туршлагад "Кластер"-ийн эрх зүйн орчныг бий болгосон байна” гэв.


Мөн ЖДҮХС-гийн зээл олгох журманд өөрчлөлт орж, төсөл сонгон шалгаруулах явцыг иргэн хянах бололцоотой болсныг ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэг онцлов.

Тэрбээр, “ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн журманд орсон гол өөрчлөлтөөс дурдвал, төсөл сонгон шалгаруулах журмыг цахимжуулж, цахим системээр тухайн төсөл ямар шатны хяналтад явж байгааг харах боломжтой болсон. Дээрээс нь тухайн төсөл илгээсэн ААН-ийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл нээлттэй байхаар журамд тусгасан. Ингэснээр төрийн дээд албан тушаалтан хамаарал бүхий этгээддээ зээл олгож байгаа эсэх нь ил тод болно” гэв.


Энэхүү семинарыг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Дархан хотноо мөн зохиож, орон нутаг дахь засаг захиргааны байгууллага болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулж, саналыг нь сонсох юм байна.

Related news