Цаг агаар огцом дулаарч байгаатай холбогдуулан шар усны үерээс болгоомжлохыг сэрэмжлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханд гуравдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус, усан зах үүсэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.
Цаашид мөс нимгэрэн, мөсний нягт багасч, зузаарлын эрчим буурч, хэврэгшин мөсний зузаан гол мөрөн, нууранд харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Мөн зарим газарт цаг агаар огцом дулаарч голын мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс болгоомжлохыг сэрэмжлүүлэв.Тухайлбал дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байгаа. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу бууж, нүүдэллэх, гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг гарахаас урьдчилан сэргийлж яаралтай арга хэмжээ авахыг зарим мэргэжлийн байгууллагад зөвлөж байна.
Мөн мөсний зузаарлын эрчим буурч, мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх
аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.