Загастайн давааны замыг шар усны үерийн улмаас түр хязгаарлаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-05 21:56:45

Завхан/МОНЦАМЭ/. Завханд шар усны үерийн улмаас замын зорчих хэсэг эвдэрч автомашин явахад хүндрэлтэй болсон тул аймгийн Цагдаагийн газрын даргын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 05-ны 01:00 цагаас эхлэн Улиастай сумаас Загастай давааны чиглэлд гарах автомашины хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна.

Тодруулбал Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Их нумт гэдэг газар /Улиастай сумаас зүүн хойд зүгт 43 км/ шар усны үер бууж замын зорчих хэсэгт эвдрэл гарсаны улмаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайгаас Улиастай сумын чиглэлд нүүрс тээвэрлэж явсан 78-68 ЗАН улсын дугаартай 20 тонны Хово маркийн хоёр зорчигчтой автомашин унасан тухай мэдээг иргэн Б.Алдарням аймгийн Онцгой байдлын газар өгчээ.

Мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Түүнчлэн унасан автомашиныг татаж аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамтарсан баг ажиллаж аюулгүй байдлыг хангах ажлыг хийжээ. Ийнхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, аймгийн Авто тээврийн үндэсний төв, аймгийн ЗДТГ-ын Авто зам, тээвэр, хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээрх нөхцөл байдалтай танилцаж ажиллахаар явсан байна. Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр замын зорчих хэсгийг засварлах, шар усны үерийн далан, цооногийг чөлөөлөх гэхчлэн засваруудыг аймгийн ЗДТГ-аас шаардагдах хөрөнгийг гаргаж яаралтай засварлахаар боллоо. Түүнчлэн дээрх авто замаар зорчих ачаа тээврийн хөдөлгөөнийг авто замыг засварлаж дуусах хүртэл түр хязгаарлаад байна. 

Суудлын тэргээр хол замд зорчихгүй байхыг сануулав

Цаг агаар огцом дулаарч шар усны үер Завханы хэд хэдэн газар буугаад байна. Үүнтэй холбогдуулан Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Шар усны үерийн улмаас Загастайн даваа хаагдаж орон нутгийн авто замын байгууламжаар зорчих боломжгүй аюултай нөхцөл байдал үүссэн байх тул автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

Хөдөлгөөн хязгаарласан тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах буюу уг даваагаар зорчих орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цагаас эхлэн эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлах хүртэл түр хугацаагаар хаажээ.

Тиймээс иргэдийг уг замаар зорчихгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. Мөн Завхан аймгийн төв Улиастайгаас урд бүсийн чиглэл буюу Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумд болон Говь-Алтай аймгийн чиглэлийн зам дагуу өндөрлөг газраас урссан шар усны үер маш ихээр бууж, жалга гуу болгоноор хүчтэй урсгал шар ус урсаж байна. Иймд жижиг суудлын тэрэг явахад маш их хүндрэл бэрхшээлтэй байх тул жолооч зорчигч та бүхэн тээврийн хэрэгслээ зөв сонгож, аюулгүй байдлыг сайтар хангаж зорчихыг Цагдаагийн газраас нэмж сануулав.

Хот хоорондын зорчигч тээврийн автобус хэвийн зорчиж байгаа бөгөөд үерийн ус урссан, эвдэрсэн замын хоёр талаас зорчигчдыг автобусанд сэлгэж суулгах арга хэмжээг одоогоор авч байгаа хэмээн аймгийн Автотээврийн төвөөс мэдээлэв. 

Related news