Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд нээлттэй ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газраас урд бүсийн чиглэлийн Отгон, Шилүүстэй зэрэг дөрвөн суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан тухай мэдээлэл өглөө.
Тус өдөрлөгийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг
хэрэгжүүлэх, үйл ажиллагааг иргэд олон нийтэд
сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилготойгоор аймгийн Прокурорын
газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Цагдаагийн газар хамтран
зохион байгуулсан байна.
Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн
газрын 2007 оны 190 дүгээр тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 125 тоот
тушаалын биелэлтийг хангах зорилготой тус арга хэмжээнд давхардсан тоогоор 1120
гаруй иргэн оролцжээ.
Энэ удаагийн арга хэмжээний
онцлог нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумдын ард иргэдэд газар дээр
нь сурталчилж Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан
уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан ажил байв. Мөн үеэр гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн урьдчилан сэргийлэх ажлыг
хэрхэн шинэлэг байдлаар зохион байгуулах талаар санал солилцож жилийн хамтран ажиллах
төлөвлөгөөг сум бүр гаргаж баталжээ. Түүнчлэн иргэдийн дунд дэвжээ, асуулт
хариултын тэмцээнүүдийг зохион явуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг тарааж, санал асуулга
авчээ. Энэ үеэр иргэдээс 170 гаруй санал, хүсэлт ирсэн тухай аймгийн
Цагдаагийн газраас мэдээлэв.