Тосонцэнгэл сумын сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаараа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-08 13:57:40

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Боловсрол соёлын салбарын удирдах ажилтны уулзалт, сургалт болж ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгсоёлын төвийн эрхлэгч 100 орчим удирдлага оролцлоо.

Энэхүү уулзалт, сургалтаар шинэчлэгдэн гарч буй боловсролын салбарын эрх зүйн бичиг баримтыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцаж, аймаг, сумын Засаг дарга, Боловсрол соёл урлагийн газрын дарга нартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Мөн тухайн салбарын байгууллагын 2018 оны ажлыг дүгнэж үйл ажиллагааны үр дүнгээрээ бусдыгаа манлайлан ажилласан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шагналыг гардуулжээ. Тухайлбал Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатор I сургууль, Баянхайрхан, Тэс, Сонгино, Улиастай сумын ерөнхий боловсролын III сургууль өнгөрсөн жилийн ажлаараа тэргүүлжээ. Харин Сантмаргац, Түдэвтэй, Тэлмэн, Завханмандал, Улиастай сумын V цэцэрлэг аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаараа манлайлсан байна. Мөн Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Асгат, Идэр сумын соёлын төвүүд бусдаасаа ажлаараа тэргүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаасаа тэргүүлсэн байгууллагын удирдлагуудад аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга С.Ганчимэг нар амжилт хүсэж өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Дашрамд, боловсрол, соёлын байгууллагуудыг нийгэмд тустай, олон нийтийг соён гэгээрүүлэх олон талын үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулсан болон байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглаж тохижилт үйлчилгээгээ сайжруулсан, суралцагчдын сурлагын чанарт нөлөөлөхүйц шинэлэг үйл ажиллагаа явуулж амжилт гаргаснаар нь дүгнэжээ.

 

Related news