Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-08 15:35:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” Үндэсний чуулганыг энэ сарын 9-10-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулна.


УИХ-ын энэ хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан зохион байгуулах энэхүү чуулган маргааш "Blue Sky" зочид буудалд 09.30 цагт эхлэх юм. 


Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, "Чуулганыг зохион байгуулагч нар хамтран “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсийн сургалтыг 2014 оноос эхлэн Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулсан. Сургалтын үеэр гарсан санал дүгнэлтийг нэгтгэх зорилгоор үндэсний чуулган зохион байгуулж байна. Чуулганаар хөдөлмөрийн өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, удахгүй хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах юм" хэмээв.


Чуулганы үеэр “Нийгмийн түншлэл, хамтын гэрээ, хэлэлцээр, ҮЭ-ийн оролцоо”, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ”, “Цалин хөлс, ажил амралтын цаг, ХАБЭА-н асуудал”, “Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын асуудал”, “Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, маргаан зохицуулалтын асуудал” гэсэн таван сэдвээр салбар хуралдаан зохион байгуулах юм. Чуулганд ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Хүний эрхийн Үндэсний комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв, орон нутаг дахь хүний эрхийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, хуульчид, өмгөөлөгчид зэрэг 140 гаруй хүн оролцоно.

Related news