Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ 90 минут үргэлжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-04-20 11:47:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын Их цэвэрлэгээний 90 минут”  уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ зохион байгуулж байна.


Нээлтийн нэгдсэн ёслол өнөөдөр 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров болон нийслэл дэх төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч нар оролцлоо.

 

Нээлтийн дараа байгууллагууд оногдсон талбайгаа 90 минут цэвэрлэх юм. Иргэд, ААН-үүд ч мөн адил ойр орчмынхоо хог хаягдлыг түүж, хана, фасад, цонх, хаяг, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Бид өнөөдрийн их цэвэрлэгээг 90 минут гэж тодотгож байгаа нь, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус бүх байгууллага, ААН болон иргэд их цэвэрлэгээг нэг цагт эхлээд 90 минутын турш үр дүнтэй, үр бүтээлтэй хийхийг уриалж байгаа юм. Энэ их цэвэрлэгээг жилдээ 5-6 удаа зохион байгуулдаг болсон. Сүүлийн үед иргэд дэмжин, сар бүр тогтмол хугацаанд их цэвэрлэгээ хийдэг дадал зуршил бий болгооч гэсэн санал, хүсэлт их ирүүлэх болсон. Өнгөрсөн жил “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг хийсэн нь маш их үр дүнд хүрсэн. Энэ жил арга менежментээ өөрчилж байгаа учраас иргэд ААН-үүдийн оролцоо, цаашлаад үр дүн илүү сайжрах байх гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

 

Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч хяналт тавих юм .

 

Түүнчлэн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авах юм байна. Нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөсөн хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Related news