Монгол Улсын хүн амын 19.4 хувь нь газар өмчлөх эрхээ эдэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Газар өмчлөгч, эзэмшигчдийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгоно” сэдэвт хэвлэлийн бага хурлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/-аас өнөөдөр “Монгол ньюс” компанийн мэдээллийн төвд хийлээ.
Тус хуралд ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун тэргүүтэй газар, албадын төлөөлөл оролцлоо.
Өнөөдөр Монгол Улсын газар өмчлөлийн асуудал, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилд иргэд, олон нийт нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлснээс хойш бараг 16 жил өнгөрч байхад, нийт хүн амын 19.4 хувь нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлсэн байгаа аж. Өөрөөр хэлбэл, манай улсын 615 454 иргэн 57 767 га газар өмчилж байна. Аливаа улс орны иргэнд газар бол хамгийн эрхэм үнэт зүйл билээ.
Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг. ГЗБГЗЗГ-аас энэ өдрийг угтаж зохион байгуулах ажлуудаа танилцуулсан юм.
“Иргэн төвтэй ил тод, ухаалаг газрын харилцаа” сэдэвт жилийн хүрээнд тус газраас хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах юм. Өнгөрсөн долоо хоногт “Ухаалаг газрын харилцаа” уламжлалт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ. Мөн өнөөдөр МУИС-ийн байранд “Газрын харилцааны салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” сэдэвт ажилтан, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болж байгаа аж. Маргааш /2019.04.30/ Төрийн ордонд Геодези, зураг зүйн салбарын удирдах ажилтны улсын II зөвлөгөөн болно. Мөн мягмар, лхагва гарагт нийслэл, аймаг, дүүргийн албан хаагчдыг чадавхжуулах 11 чиглэлээр сургалт зохион байгуулах юм байна. Пүрэв гарагт /2019.05.02/ Газрын харилцааны салбарын урлагийн наадам УДЭТ-т болох бол, маргааш нь “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийн хэлэлцүүлэг “Блу Скай” зочид буудалд болно. Мөн ирэх амралтын өдрүүдэд салбарын ажилтны спортын тэмцээн болох аж.
Энэхүү хурлаар, ГЗБГЗЗГ-аас албан ёсны тоо баримтуудыг дэлгэснийг та бүхэнд толилуулж байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 1,091,873 газар
өмчлөгч, эзэмшигч, ашиглагч 6.9 сая га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
өмчилж, эзэмшиж ашиглаж байгаа нь өмнөх 2017 оныхоос 55,756-гаар өссөн байна.
Үүнээс, 615,454 иргэн 57,767 га газар өмчилж, 473,919 иргэн 6,405,966
га газар эзэмшиж, 1167 иргэн 303,166 га газар ашиглаж байна. Газрын
төлбөрийн орлогоос 51 тэрбум 616,93 сая төгрөгийг орон нутгийн төсөвт
төвлөрүүлж, газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 2 тэрбум 691,06 сая төгрөгөөр /105,6
хувь/ давж биелжээ.
Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлж /1998-2018/ эхэлснээс хойш газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт өссөн дүнгээр нийт 530 тэрбум 681 сая төгрөгийн төвлөрүүлжээ. Газрын биржийн цахим системээр 1179 удаа газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зохион байгуулсны 711 нь хүчинтэй болж, 7698 га газрыг иргэн, ААН, байгууллагад эзэмшүүлсэн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал, дуудлага худалдаа зохион байгуулсан тоо 2 дахин, эзэмшүүлсэн газар 308 га-гаар нэмэгджээ.
Мөн 49 удаа газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулсны 24 нь хүчинтэй болж, 360,3 га газрыг эзэмшүүлсэн нь зохион байгуулсан тоо болон эзэмшүүлсэн газрын хэмжээ ч буурчээ. 2018 онд улсын хэмжээнд 11621 эзэмших эрхийг банк, санхүүгийн байгууллагад барьцаалсан байна. Өссөн дүнгээр 100532 нэгж талбарыг барьцаалж, 914,67 тэррбум төгрөгийн санхүүгийн эргэлтэд ороод байгаа аж. Сүүлийн жилд 25 хувиар өсжээ.
Монгол Улсын иргэнд 2019 онд үнэгүй өмчлүүлэх зориулалтаар 5686,7 га газрыг, аж ахуйн нэгжийн зориулалтаар 25,45 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Энэ онд нийт өмчлүүлэх газрын 99,5 хувь нь Монгол Улсын иргэдэд үнэгүй өмчлүүлэх, 0,5 хувь нь аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газар байна.
“Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2018 оны 384-р тогтоолын хүрээнд ГЗБГЗЗГ-аас орон нутагт ажиллаж аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзаж төлөвлөгөөнд туссан томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн газрыг хамгаалах, трассыг тогтоох, давхардуулан газар олгохгүй байх чиглэл өгсөн байна.
Кадастрын чиглэлээр ч тодорхой ажлууд хийж байгаа аж. Тухайлбал, БХБЯ болон ГЗБГЗЗГ-аас захиалан улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа зарим төсөл, хөтөлбөрийн хүрээнд Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан /ГКМС/-г иргэдэд нээлттэй болгох, бүтээгдэхүүн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүргэх боломж бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа аж. Үүнд: ГКМС-гийн программ хангамжийн хэрэглэгч нарт тоон гарын үсгийг ашиглуулан бүтээгдэхүүн болон үйл ажиллагааг цахим хэлбэрээр баталгаажуулах, байгууллагуудад уг мэдээллийг түгээнэ.
Иргэний дэлгэрэнгүй мэдээллийг УБЕГ-аас баталгаажуулан авах боломжийг бий болгон Газрын кадастрын нэгдсэн санд бүртгэхдээ тухайн иргэний хурууны хээг ашиглан баталгаажуулдаг болов. Мөн Газрын кадастрын мэдээллийн Лэнд менежер программ хангамжийн вэб хувилбарыг нэвтрүүлж байгаа юм байна. Иргэд олон нийтэд нээлттэй www.Egazar.gov.mn цахим хуудас нээгээд байгаа аж. Удахгүй эндээс иргэд бүх мэдээллийг авах боломж бүрдэнэ хэмээн ГЗБГЗЗГ-аас мэдээллээ.