1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-04-29 15:59:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн маргааш болох /2019.04.30/ ээлжит хуралд шаардлага хүргүүлж байгаа аж. Энэ талаар өнөөдөр  “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

 

Тэд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны нэгдүгээр улиралд багтааж, иргэдэд ногдол ашиг хуваарилах үүрэг даалгавар өгсөн ч биелүүлээгүй, ногдол ашиг олгох шийдвэрийг хэрэгжүүлээгүй. IPO зөвлөхөд өгөх 283 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг хөрөнгө оруулалтаас хасах зөвлөмж ҮАБЗ-өөс өгснийг үл тоож ногдол ашгийг бууруулсан, мөн компанийн тухай хуулийн 46.5-д заасан хуулийн хугацаанд ногдол ашиг олгох эсэх шийдвэрээ гаргаж танилцуулаагүй шалтгаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.



Маргааш төр засгийн үйлчилгээний “Элит” төвд болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч иргэдийг оролцож компанийн тухай хуулиар заасан ногдол ашгаа нэхэх, ТУЗ-өөс үйлдвэрлэл, үйл ажиллагааны тайлан мэдээг авах эрхээ эдлэхийг уриаллаа.


"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд нууц тогтоол баталж, нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна. Үүнийг нь 1072 хувьцааны багцад тооцоод үзвэл 26800 төгрөг. Брокерын зардал шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасахаар нэг хүнд 17000 төгрөг ногдож буйг “1072 ХЭЭАХХ”-оос эсэргүүцэж байгаа аж. Тус холбооноос гаргасан тооцоогоор, энэ жил нэгж хувьцаанд 84 төгрөг, 1072 хувьцаанд 91 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх боломжтой хэмээн онцолж байв.

 

Related news