Өвөрхангай, Дундговийн нутгаар маргааш цас шуурч хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-05-11 12:39:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутгийг зорих иргэд хол замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр сонсож, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын мэдээллээр, өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш буюу 11-нд Өвөрхангай, Дундговийн нутгаар, 12-нд зүүн аймгийн нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна.

Мөн өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, маргааш буюу 11-нд  Өмнөговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

 Иймд салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа ойр бэлчээрлүүлэх, хөдөө орон нутгийг зорих болон хөдөөгөөс хот руу ирэх иргэд цаг агаарын мэдээллийг тухай бүр авч байх анхааруулгыг ОБЕГ өгч байна.

Related news