Д.Сумьяабазар: 85 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-14 15:21:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргаашнаас нийслэл хотод түүхий нүүрс оруулж ирэх,  хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлж эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшээр хэрхэн хангаж, нөөцөлж, үйлдвэрлэж буй талаар УУХҮЯ-наас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр сайд Д.Сумьяабазар, “Сайжруулсан түлш үйлдвэрлэхээр байгуулсан “Тавантолгой түлш” ХХК одоогоор 85 мянган тонныг үйлдвэрлэсэн мэдээлэлтэй байна. Манай яамнаас түлшний түүхий эдийг нийлүүлэх болон тээвэрлэх үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд, шахмал түлшний 125 мянган тонн түүхий эдийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчраад байна. Гэр хорооллын анхан шатны хороо нэгжүүдээр дамжуулан сайжруулсан түлшийг айл өрх, албан байгууллага, ААН-үүдэд нийлүүлнэ. Үүнийг Улаанбаатар хотын захиргаа хариуцан ажиллаж байна” гэв.

Энэ талаар өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан юм. Тэрээр, “Сайжруулсан түлш нөөцлөх найман агуулах барина. Борлуулах цэгүүдийн эхний хэсгийг энэ сарын эхээр ашиглалтад оруулсан. Ирэх сарын сүүлчээр нэмж 100 цэг нээнэ. Өмнө нь мод, түүхий нүүрс худалддаг 540 орчим цэг байсан. Ийм цэгийн тоог нэмж байгаа” талаар мэдээлэв.


Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонноор савлаж, тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна. Түүхий нүүрсийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх үүднээс цагдаагийн байгууллагаас 58 хүнтэй тусгай нэгж байгуулан, нэмж Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад явуулын пост гарган хянаж байна. Харин нийслэлийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлш хэрэглэх талаарх төвийн зургаан дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар мэдээлэл өгч, хянан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд өвөл 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Тэгвэл шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж, агаарын бохирдлыг 30-40 хувь бууруулахаар тооцжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news