Жишиг төлөвлөлтийг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-18 15:28:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай өнөөдөр уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх үүрэг чиглэл өглөө.


Тухайлбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу дугуйн зам, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажлыг эхлүүлэхийн тулд нэн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэхийг даалгав. Камер суурилуулахаас эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эдэлгээ удаан, чанартай байх, нарны панел ашиглахаас илүүтэй төвийн шугамд холбох нь дээр гэдгийг мэргэжилтнүүдтэй хэлэлцэж тохирсон юм. “Бүтээн байгуулалтыг хот төлөвлөлтийн шийдлээ бодолцож, өнгө үзэмж, дизайн талаас нь анхаараарай. Яг адилхан төсөв хөрөнгө, материалаар хийх ч гэсэн хотын өнгө үзэмжийг нэмэх өвөрмөц загвартай байх ёстой. Нэг сүүдрэвч хийхдээ ч өнгө үзэмж, загварыг нь бодолцоорой. Хаа сайгүй байдаг, улиг болсон загвартай байж болохгүй” хэмээн нийслэлийн Засаг дарга анхааруулав.   

Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна

Нийслэлийнхэнд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаараа спортоор хичээллэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлаад буй. Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.  

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж, бүтээн байгуулалт өрнүүлнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газарт ногоон байгууламж, дугуйн зам бүхий шинэ бүтээн байгуулалт эхлүүлэх  төлөвлөгөө ямар шатандаа яваа талаар албаныхантай ярилцаж, саналаа нэгтгэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдээр маш олон иргэд, үйлчлүүлэгч очдог тул автомашины зогсоол хүрэлцдэггүй учраас нэмэлт зогсоол байгуулах асуудал хөндөгддөг. Тиймээс баруун хойд талынх нь 23 га газарт хийх шинэ бүтээн байгуулалтын зураг төсөлд 300 гаруй автомашины зогсоол, дугуйн зам, ногоон байгууламжтай байхаар тусгажээ. Гэвч өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газрыг “Сарангэрэл сан” ТББ тохижуулах төлөвлөлтийн даалгавар гаргуулж, ОХУ-аас мод авчирч тарин, ногоон байгууламж байгуулж эхэлсэн байсан тул гомдол гаргасан байна. “Нэгэнт ногоон байгууламж, тохижуулалт хийхээр зөвшөөрөл авсан байсан бол тэрхүү зориулалтынх нь дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй зохицоод ажлаа даруй эхлэх хэрэгтэй” хэмээн хотын Захирагч хэлсэн.

Түүнчлэн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний талаар холбогдох газруудтай  хэлэлцэж, Яармагийн шинэ төлөвлөлтөд ямар асуудал тулгамдаж байгааг, бүтээн байгуулалтыг хэрхэн урагшлуулах тухай ярилцав. Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулах болно. Тиймээс салбарын яамдтай хамтраад  шаардлагатай асуудлаа яаралтай шийдээд, ажлаа явуулах хэрэгтэй. Ирэх долоо хоногт хотын удирдлагууд Яармагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцана. Хот төлөвлөлтийн бодлогыг зөрчвөл тусгай зөвшөөрөлтэй нь ярина” гэлээ.

Related news