Цаг агаар, бэлчээрийн төлвийн мэдээллийг 38 сумын малчинд мессежээр хүргэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх зорилго бүхий “Гамшгийг даван туулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь” төслийг хэрэгжүүлж дууслаа.
“Пипл ин Нийд” (ПИН) олон улсын ТББ болон “Мерси Кор Монгол” байгууллага хамтран хэрэгжүүлсэн уг төслийг Европын холбооны Иргэний Хамгаалалт болон Хүмүүнлэгийн Тусламжийн байгуллага (ECHO), Чехийн Хөгжлийн Агентлаг болон ПИН-ийн Найзуудын клуб санхүүжүүлсэн. Төслийн хүрээнд “Мерси Кор Монгол” байгууллагын боловсруулсан цаг агаар, бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг дөрвөн аймгийн 38 сумын малчдад мессэжээр хүргэх болсон. Уг ажлыг ОБЕГ хэрэгжүүлж буй юм. Ингэснээр малчид цаг агаар, зуншлага, цас, ган, зуд, зудын эрсдэл болон бэлчээрийн ургац, даацын мэдээллийг хүлээн авч ажлаа төлөвлөж, аливаа байгалийн үзэгдлээс урьдчилан сэргийлэх боломжтой болсныг ПИН-ийн Суурин төлөөлөгч Марк Тассэ хэлэв.
Мөн төслийн хүрээнд 38 сумын 200 багт байгалийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулжээ. Түүнчлэн орон нутгийн засаг захиргааны 698 ажилтныг “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар болон стандартууд” сургалтад, 3892 малчинг “Зудын бэлтгэл хангах, даван туулах арга хэмжээ” сургалтад хамруулсан байна. Улмаар дээрх 38 суманд түгээмэл тохиодог ган, зуд, үер, ой хээрийн түймрийн гамшгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан ОБЕГ-аар батлуулжээ.
“Мерси Кор Монгол” олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Венди Гайэт, “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар болон стандартууд нь өрх болон орон нутгийн хэмжээнд зудын эрсдэлийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна” гэв.
Улмаар төслийн хүрээнд “Малчдад тулгарч буй бэрхшээл, саадыг тодорхойлох”, “Зудын эрсдэлийн эмзэг байдлын олон үзүүлэлтэт индекс”, “Малчин өрхийн эдийн засгийн тооцоо” зэрэг судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. “Энэхүү төлөвлөгөөг сум, аймгийн түвшинд шинэчлэн сайжруулж ашиглаж байгаа нь цаашид учирч болох байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай арга хэмжээ авахад чухал үр дүнтэй ажил болсон” хэмээн ПИН-ийн Суурин төлөөлөгч Марк Тассэ дурдаж байлаа.
Чех улсад төвтэй ПИН нь 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад тусалсан нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол ажиллаж эхэлсэн. Өдгөө гамшгийн үеийн тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхыг дээшлүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын талаар иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлыг өрнүүлж байна.