Украины соёлын өдрүүдийг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Украин улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Сергей Кузьмичов Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо.
Уулзалтын эхэнд тэрээр, Монгол, Украины Соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Украины соёлын өдрүүдийг Улаанбаатар хотноо 2020 онд зохион байгуулахад МОНЦАМЭ агентлагийг хамтран ажиллахыг хүссэн юм.
МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ Б.Ганчимэг "Украины үндэсний мэдээллийн “Укринформ” агентлагтай хамтын ажиллагааны гэрээг, эхний ээлжинд шинэчлэн байгуулах хүсэлтэй байна. Ингэснээр хоёр орны үндэсний мэдээллийн агентлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх илүү өргөн боломж бүрдэх юм" хэмээв. Мөн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд сэтгүүлчдийн айлчлал буюу тухайн орныг нүдээр үзсэн сэтгүүлчдийн үүрэг оролцоо их байдгийг тэмдэглэсэн юм.
Уулзалтад МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Гадаадад мэдээлэх нэгдсэн редакцийн ерөнхий редактор Л.Батбаяр, Дотоодод мэдээлэх нэгдсэн редакцийн ерөнхий редактор Н.Лхагвасүрэн нар оролцов.