Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэгт хуушуур худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-07-03 13:19:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмаар наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэг, Хүй долоон худагт 210 цэгээр хуушуур худалдах бол, худалдаа үйлчилгээний талбайд соёл урлагийн 100 зөвшөөрөл олгожээ.


Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50 цэг, хөдөлгөөнт тоглоомын 45 цэг, кофе шопын 5 цэгийн байршлыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хариуцан зохион байгуулна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг:

Баяр наадмын үеэр ил задгай газар зөвшөөрөлгүйгээр худалдаа наймаа их эрхэлдэг. Мөн иргэд Хүй долоон худагт ууланд майхан барьж, хуушуур зардаг. Тиймээс НМХГ-ын 400 байцаагч болон цагдаагийн байгууллагынхан 24 цагаар ажиллаж, хяналт тавина. Энэ жил хоолны буюу хуушуурын зөвшөөрлийг аж ахуйн нэгжид олгосон. Учир нь хүнсний аюулгүй байдал болоод дараа нь хариуцлага тооцоход хялбар болох үүднээс ийнхүү аж ахуйн нэгжид олгосон. Хуушуурын буюу хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 20000, Хүй долоон худагт 15000  төгрөгөөр олгож байна.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан: Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид энэ сарын 9-15-нд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг энэ сарын 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүл хийнэ. Хүй долоон худагт галын аюулгүй байдлыг шалгана. НОБГ-аас 16 анги салбарын 130 алба хаагч анги бэлэн байдалд ажиллана. Мөн 8 ангийн 111 алба хаагч эргүүл хийх бол 55 алба хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах: Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 93 чиглэлд том оврын 612, туслах дөрвөн чиглэлд бага оврын 10, зуслангийн гурван чиглэлд  тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана. Долдугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ. Мөн 10, 11, 12, 13-нд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгөөр явна. 

Related news