Дээлтэй монгол наадам 13 дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-07-04 15:55:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уламжлалт “Дээлтэй Монгол наадам” энэ сарын 10-нд Д.Сүхбаатарын талбайд болно.


Тус наадам нь монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой юм.

Энэ жил 13 дахь удаагаа болох уг наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой тойрон бүжиж, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн өргөөгөөр зочлох боломжтой.

Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулна.

Тус наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлийг дэлхий нийтэд гайхуулан сурталчлах, жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөнийг зохион байгуулагчид нь хэлж байна.

Дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай, монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён Үндэсний их баяр наадмаа угтахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар уриаллаа.

Related news