Налайхын авто замын далангийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-07-05 10:23:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай энэ сарын 04-нд танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, “Нийт 20.9 км авто замын далангийн ажил 60 хувьтай, шинэчлэл, өргөтгөлийн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 37 хоолой хийхээс 15 нь бэлэн болсон. Хоолойны ажлууд төлөвлөсөн графикийн дагуу явж байна. Ойрын үед бороо хур ихтэй, уулархаг газар үер их бууж байгаа учраас ганц, хоёр өдөр хүлээх асуудал гарч байна. Цаашдаа бороо хур гайгүй бол алдсан хугацаагаа нөхөх боломжтой” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Замын ажлыг төлөвлөсөн хугацаанд  шуурхай, чанартай гүйцэтгэх шаардлагатай. Ямар нэгэн шалтгаанаар ажил зогсох ёсгүй. Мөн аюулгүй байдлыг хангаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлов.

Хоёр эгнээ байсан замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Ингэснээр алсалсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх боломж бий болох юм.


Related news