А, B, C бүсэд хуваах зохицуулалтын хэрэгжих хугацааг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-08-15 14:14:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн замыг А, B, C бүсэд хуваах зохицуулалтын хэрэгжих хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр мэдээлэв.


Өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байсан дээрх зохицуулалтын хүрээнд төвийн буюу А болон В бүсэд татвараа төлөөгүй, техникийн улсын үзлэгт ороогүй, тэнцээгүй, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн юм. Гэвч дээрх зохицуулалтыг иргэд дэмжихгүй байгаа тул хэрэгжих хугацааг хойшлуулах болжээ.


Энэ талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, "НДТГ-аа 2019 оныг Иргэдээ сонсох жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар санал асуулга явуулж буй юм. Улаанбаатар хотын замыг гурван бүсчлэлд хуваах асуудлын талаар хоёр удаа санал асуулга зохион байгууллаа. Эхний удаад твиттереер дамжуулан санал асуулга зохион байгуулахад 60 хувь нь дэмжсэн. Хоёр дахь санал асуулгыг мэдээллийн цахим хуудас болон фейсбүүкээр явуулсан. Үүнд 5300 иргэн оролцсоноос 60 хувь нь дэмжээгүй тул хойшлуулж байна. Эхний ээлжинд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ, чанар, хүртээмжийг сайжруулж шинэчлэл хийх юм. Үүний дараа бүсчлэлийн асуудлыг дахин хөндөнө" гэлээ.

Related news