Сайжруулсан түлшийг борлуулах цэгүүдэд ихээр нөөцлөхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-09 15:13:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 10.260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулаад байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлага өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлтэй танилцах үеэр тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар мэдэгдлээ.

Хүйтний улирал ойртож байгаатай холбоотойгоор нийслэлийн удирдлага Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг газар дээр нь шалгаж, "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай ийнхүү ойр ойрхон танилцаж байна.

Өнөөдрийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК 165 мянган тонн шахмал түлш нөөцөлж, жижиглэнгийн цэгүүдэд 21 мянган тонн түлшний нөөцтэй байна. 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулж, 10 260 тонн шахмал түлш борлуулаад байна. Үйлдвэрийн хувьд одоогийн байдлаар нийт найман шугамаар 2300-2500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөр тасралтгүй ажиллаж байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. “Хангамжийн бааз-дундын төв-гэрээт борлуулагч” гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэхээ үйлдвэрийн удирдлага мэдэгдэж байна.


Сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа ашиглах “Сайн” нэртэй картыг хэрэглэгчдэд оршин суух хороогоор дамжуулан олгож эхлээд байна. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликейшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх юм.

Уулзалтын төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан дундын агуулах болон гэрээ байгуулсан цэгүүдэд нэмж шахмал түлш нөөцлөх, хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулан нарийн холбоотой ажиллахыг албаныханд үүрэг болголоо.


Related news