Осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлэх чадамжийг дээшлүүлэх төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-25 13:50:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монос ХХК-тай хамтран "Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн үеийн менежмент" сэдэвт сургалт зохион байгуулан, аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын гэмтэл, мэс засал, яаралтай тусламжийн их эмч, сувилагч нарыг оролцуулж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  хүзүү, нурууны тасгийн их эмч Л.Бат-Эрдэнэ:

-ЭМЯ, Гэмтлийн эмнэлэг, аймгуудын нэгдсэн эмнэлэгтэй хамтарч осол, гэмтлийн тусламж үйлчилгээний чадамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Гурав дахь аймагтаа хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь Өвөрхангай, Хөвсгөл аймагт уг төслийг хэрэгжүүлэн үр дүнд хүрсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн үйл ажиллагааг сайжруулах, осол гэмтэл тохиолдсон үед нийслэл болон төв газар руу иргэдийг явуулахгүй цаг алдалгүй орон нутагтаа яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх чадамжийг бий болгох зорилгыг агуулж байгаа. Бид нар аймгийн гэмтлийн тасгийн мэс заслын өрөөг тохижуулж, мэс засал хийх гэмтлийн эмч нарыг чадавхжуулах зорилготой байгаа гэж ярилаа.

Осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай рентген аппарат тус эмнэлэгт байгаа нь уг төслийг амжилттай хэрэгжүүлэх боломж байна гэж гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд үзэж байна. Тус аймгийн хувьд автозамын гурван гол чиглэл дайран өнгөрдөг учир зам тээврийн осол гэмтэл гарах магадлал их байдаг. Энэ он гарсаар тус аймагт хөдөлгөөний авулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 12 хүн амь насаа алдаж, 9 хүн гэмтсэн байна.

Related news