Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-27 10:40:13

Ховд /МОНЦАМЭ/.  2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан гурван сурагчид тус бүр 500 мянган төгрөгийн урамшуулал олгов.

Тус аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн  сурагч Ү.Батхүрэл, ХИС-ийн дэргэдэх Лицей ахлах сургуулийн сурагч Б.Тогтуунсувд нар биологи, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч А.Цэвэлмаа монгол хэлний хичээлээр тус тус элсэлтийн ерөнхий  шалгалт өгч  800 оноо авсан байна.

Эдгээр сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх зорилгоор Ховд аймгийн “Аваргууд” хөтөлбөрийн хүрээнд тус бүр 500 мянган  төгрөгийн урамшуулал олгож, батламжийг эцэг, эхэд нь гардуулан өгөв.

Цаашид Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор жил бүр зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон сурагчдыг урамшуулж хэвшинэ. Мөн бэлтгэсэн багш нарт урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 700 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ.  

Related news