Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 15:02:27

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат 2012-2016 онд хийж гүйцэтгэсэн ажлаа сумдынхаа иргэдэд танилцуулж байгаа. Энэ удаа хамгийн сүүлийн сум болох Сайхан суманд ажиллалаа: Аймгийн даргын багт аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, аймгийн ГХБХБГ-ын дарга Ж.Отгонхүү, Сайхан сумын Засаг дарга С.Энхтайван, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Тэрээр, тус сумын “Цемент шохой” компанийн үйл ажиллагаатай эхлээд танилцсан. Тус компанийн хувьд бүрэн хүчин чадлаараа хараахан ажиллаж чадахгүй байгаа бөгөөд борлуулалт хүлээлттэй байгаа талаар үйлдвэрийн дарга н.Шоовдор хэлж байлаа. Тэрээр үндэсний томоохон энэхүү үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах юм бол татварын орлого, нийгмийн даатгалын шимтгэл бүрдүүлэлт, ард нь байгаа ажилчдын амьжиргаанд ихээхэн өөрчлөлт дэвшил гарна гэлээ. Цаашид хэрхэн борлуулалтаа нэмэгдүүлэх, өнөөдөр тулгамдаж байгаа зүйлээс гарах гарц байна гэдгийг онцолж байв. Гагцхүү төрөөс дэмжихийг тэрээр ихэд хүсэмжилж байлаа.

Хөтөл хотын нэгдсэн эмнэлэгт биоанализаторын аппарат дутагдалтай, эх барих эмэгтэйчүүдийн эмчгүй аж. Харин Хөтөл хотын дунд сургуульд тулгамдсан асуудал байхгүй байв. Тус сургууль өнгөрсөн оны ажлаараа аймгийн тэргүүний хамт олон болсон юм. Энэ хамт олон үндэсний монгол бичгээ дээдлэх, хүүхдийн оюуныг хөгжүүлэх тал дээр бусад сургуулиудаасаа давуу онцлогтой аж. Аймгийн даргын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Хөтөл хотын иргэд сонсоод талархалтай хүлээн авч байв. Тухайлбал хүүхэд хөгжүүлэх, залуу, хойч үеэ дэмжих ажилд аймгийн зүгээс оруулсан хөрөнгө оруулалт маш их байгаад Хөтөлчүүд талархаж байв.   

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news