Цианид натрийн сулруулсан уусмал 495м2 талбайг хамарч гоожилт үүссэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-13 22:53:19

Завхан/МОНЦАМЭ/Тус аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "Баян Айраг эксплорэйшн" ХХК-д 12-р сарын 11-ний өдрийн 08:00 цагийн орчимд цианид натри алдагдсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй.

Энэ талаар мэргэжлийн байгууллагаас тодруулахад: "Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК-ийн ус шахдаг савнаас “Баяжуулах үйлдвэр” рүү натрийн цианидын сулруулсан уусмал дамжуулах хуванцар хоолой хөлдсөний улмаас задарч натрийн цианидын сулруулсан уусмал алдагдсан тухай дуудлагыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09:10 цагт аймгийн Онцгой байдал хүлээн авсан.

Ингээд аймгийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, сумын ЗДТГ-ын болон тус компанийн ажилтнууд нийт 24 хүн, 10 техник хэрэгсэлтэй газар дээр нь очиж ажиллалаа. 12 дугаар сарын 12-ны өдөр натрийн цианидын сулруулсан уусмал тунаж тогтсон газрын хөрсийг 50 см, урсаж өнгөрсөн газрын хөрсийг 20 см зузаантай хуулж, нуруулдсан овоолго дээр асгах ажлыг гүйцэтгэсэн. Натрийн цианидын сулруулсан уусмал асгарсан талбайн агаарын чанарыг “Монитокс” багажаар шалгаж үзэхэд 0.0 хувь буюу агаарт тархаагүй. Тус уурхайн лабораторид натрийн цианидын ядуу уусмал урсаж хөлдсөн мөсийг хайлуулж хэмжилт хийхэд PH /натрийн цианидын агууламж/ 0.5 хувь, уусмал тогтож хөлдсөн мөсийг хайлуулж хэмжилт хийхэд PH 0.6 хувьтай байсан. Уусмал болон газрын хөрснөөс дээж авч Улаанбаатар хот руу 2020 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын лабораторид хүргүүллээ" гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.  

"Баян Айраг эксплорэйшн" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна

Энэ талаар аймгийн ЗДТГ-аас тодруулахад: "Энэ сарын 11-ний өдөр тус үйлдвэрийн цианид дамжуулах хоолой задарч цианидтай уусмал задарч, газрын хөрсөн дээр тогтсон байдалтай байгаа мэдээллийг бид тухайн өдөр хүлээн авсан. Ингээд аймгийн Засаг даргын шийдвэрээр Онцгой байдлын шуурхай баг болон холбогдох албаныхан газар дээр нь очиж шуурхай ажилласан. Одоогоор тус уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод буй" гэв. 

Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр, холбогдох газруудын шалгалтаар уурхайн цианит дамжуулах хоолой задарснаас 413 м/кв талбай бүхий газар цианидын сул уусмал алдагдсан. 298 м/кв цементэн талбайд асгарсан нь тогтоогджээ. Иймээс тус уурхайн цианитын агуулахыг лацадсан байна" гэлээ.

–“Баян Айраг эксплорэйшн" ХХК-ийн үйлдвэрийн талбайд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар сум, аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчин, Завхан гол, Хяргас нуурын сав газрын захиргаа, сумын ЗДТГ гээд байгууллагуудын хамтарсан ажлын баг газар дээр нь очиж ажиллалаа. 


Цианид алдагдсан талбай орчмоос дээж авах, талбайн хэмжээг тогтоох болон бусад арга хэмжээнүүдийг авч ажилласан байгаа. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт шийдвэр гараагүй байна. Цаашид авах арга хэмжээний талаар тухай бүр нь мэдээлэл өгнө”  гэж Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв.   


Уурхай мэдэгдэлдээ хүн, мал амьтанд

хохирол учруулаагүй гэжээ

Тус уурхай нь Дөрвөлжин сумаас 22 км-ийн зайд оршдог байна. Хяналт шалгалтын ажил хийж буй энэ үед “Баян Айраг эксплорэйшн” компаниас мэдэгдэл гаргаад байна.

Тус мэдэгдэлд уурхайн нягтаршуулан хамгаалсан талбайд 110 мм-ийн хоолой задарснаас болж бага агууламжтай, өөрөөр хэлбэл нэг литр тутамд 0-0.6-0.07 гр буюу 63-70ррм концентрацтай цианид натрийн сулруулсан уусмал 495м2 талбайг хамарч гоожилт үүссэн. Тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн ажилчид шугамд гарсан гэмтлийг мэдсэн даруй хугацаа алдалгүй урсгалыг зогсоож, орчныг бүрэн аюулгүй болгосон. Агаарын -20 хэмд үйлдвэрийн зориулалтын нягтаршуулан хамгаалсан талбайд сулруулсан уусмал нь асгарсан даруйдаа хөлдсөн. Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсан тул ослоос үүдэн хүн, мал, амьтан зэрэгт хохирол учраагүй болно” гэжээ.

Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь ажиллаж буй багийн нэгдсэн дүгнэлт гарсны дараа албан ёсны мэдээлэл өгнө гэв.


Related news