Голомтот бүсээс ирж буй иргэд зөвхөн Их-Уул сумын постоор нэвтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-26 16:46:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, нийтийн тээврийн хэрэгсэл Завхан-Улаанбаатар, Улаанбаатар-Завхан чиглэлд зорчих тохиолдолд аймгийн Шуурхай штабт заавал мэдэгдэж, зөвшөөрөл авна гэж мэдээлэв.

-“Өнөөдөр аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, Улсын Онцгой комиссоос ирүүлсэн журам, хурлын тэмдэглэлийн дагуу хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа. 

Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр Завхан аймаг "Ногоон" түвшинд байгаа тул аж ахуйн нэгж байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Харин тус аймагт үйл ажиллагаа явуулж буй СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн 6-12 дугаар ангийг ерөнхий эрдмийн хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор хичээллүүлэхээр боллоо.

Гуравдугаар сарын 1-нээс хичээл орж буйтай холбоотой энэ хугацаанд Улаанбаатар хотоос ирсэн иргэд хүүхдээ сургууль, цэцэрлэгт танхимаар хамруулах тохиолдолд өөрийгөө тусад нь өөр газар 7 хоног тусгаарлана. Харин Улаанбаатар хотоос ирсэн хүүхдүүд гэрийн тусгаарлалтын долоо хоногийн хугацаанд цахим болон тeлe хичээлд хамрагдана. Мөн Улаанбаатар хот болон голомт бүхий бүс нутаг руу явах иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл буцаж ирэхгүй.

Харин Улаанбаатар хотоос ирэх иргэд PCR шинжилгээний хариу гарсан даруйд нийслэлээс гарч, 72 цагийн дотор Их-Уул сумын постод ирсэн байна. Дээрх хугацаанд ирсэн иргэдийг асуумжаар нэвтрүүлнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ өгнө. Улаанбаатар хотоос ирсэн иргэд долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөнө” гэв.

 Нийтийн тээврийн жолооч нар өндөр хариуцлагатай байна Завхан аймагт энэ сарын 23-ны өдрөөс аймгаас сум, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөн чөлөөтэй байна.

Гуравдугаар сарын нэгний өдрөөс хот хоорондын хөдөлгөөнийг нээх шийдвэр гарсантай холбогдуулан нийтийн тээврийн хэрэгсэл Завханаас - Улаанбаатар, Улаанбаатараас  - Завхан чиглэлд зорчих тохиолдолд аймгийн Шуурхай штабт заавал мэдэгдэнэ. Зөвшөөрөл авна.

Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар Их-Уул сумын пост дээр өөрийн зардлаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Түүнчлэн Улаанбаатар хотоос PCR шинжилгээний хариугүй иргэн, хугацаа хэтэрсэн хариутай. Өөр хүний нэртэй иргэн тээвэрлэсэн тохиолдолд тухайн жолоочийг дахин нийтийн тээвэр хийлгэхгүй. Тийм учраас нийтийн тээврийн жолооч нар маш хариуцлагатай дүрэм журмыг мөрдөж, үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан явуулах хэрэгтэй.  

Завхан аймагт хяналтын пост зөвхөн Их-Уул суманд ажиллана. Учир нь Улаанбаатар хотоос ирж буй болон Завхан аймгийг дайран өнгөрч буй бүх тээврийн хэрэгсэл энэ постоор нэвтэрч буй. Иргэд Улаанбаатар хотоос ирэхдээ зөвхөн Их-Уул сумын постоор нэвтэрнэ. Бусад газраар нэвтрүүлэхгүй. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний болон барааны дэлгүүр, худалдаа үйлчилгээний газрууд 08:00-22:00 цаг хүртэл ажиллана. Гэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан халдвар хамгааллын дүрэм журмыг чанд мөрдөж, үйл ажиллагаагаа явуулах юм гэж аймгийн Шуурхай штабаас нэмж мэдээллээ. 

Related news