Т.Баярхүү: Коронавирусний зөөвөрлөгдсөн тохиолдлуудын хувилбар тодорхойлох шинжилгээ үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний омикрон хувилбараас сэргийлэх үүднээс гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг УОК гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилтийн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.
-УОК гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах байрыг бэлтгэсэн үү. Өнөөдөр Европоос ирсэн иргэдийг тусгаарлах байр олдохгүй байна гэсэн асуудал гарсан?
-Коронавирусний омикрон хувилбар 114 улсад бүртгэгдээд байна. Эдгээр улс оронд халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа. Өмнө нь дельта хувилбарын үед өдөрт 40 мянган тохиолдол бүртгэгдэж байсан улсад өнөөдөр 100 мянга давсан тохиолдол байна. Тиймээс УОК-оос ЭМЯ, ХӨСҮТ-ийн саналыг үндэслээд гадаадаас ирж буй бүх иргэнийг 3 хоног тусгаарлаж, энэ хугацаанд нь PCR шинжилгээнд дахин хамруулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд УОК зочид буудлуудтай хамтран тусгаарлах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ үеэр зохион байгуулалтын алдаа гарч, иргэдийг чирэгдүүлсэн асуудал гарсан. Үүнийг УОК шуурхай шийдвэрлэж, алдааг залруулж байгаа. Өчигдөр л гэхэд гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд оруулахгүйгээр удаан хүлээлгэсэн асуудал гарсан. Шадар сайдын үүрэг чиглэлийн хүрээнд холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцож байгаа. Гол нь тусгаарлах ажлыг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулах зорилгоор зохион байгуулаагүй. Өнгөрсөн сарын 26-наас хойш Монгол Улсад коронавирусний зөөвөрлөгдсөн тохиолдол 300 бүртгэгдсэн. Энэ бол хилийн боомтод зохион байгуулсан шинжилгээ, тандалтын явцад илэрсэн гэсэн үг. Тиймээс омикрон хувилбар тархах, халдварын давалгаа үүсгэхгүй байх үүднээс тусгаарлах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ үеэр алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт хүсэж байна.
-Иргэдийг хэдэн зочид буудалд тусгаарлаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар бидэнтэй 19 зочид буудал хамтран ажиллаж байна. Зарим зочид буудал цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бидэнтэй тусгаарлах байрны зориулалтаар хамтран ажиллахаа больсон тул бага зэргийн өөрчлөлт орсон.
-Зочид буудал эрүүл мэндийн болоод бусад шаардлагыг хангахгүй байна гэдэг асуудлыг иргэд хөндөж байна. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Ер нь бол Улаанбаатар хот болон ойр орчимд 300 гаруй зочид буудал бий. Яг тусгаарлалтын шаардлага хангасан 30 орчим буудал байна. Өмнө нь бид гадаадаас иргэдийг татан авахдаа 27-28-ыг нь ашиглаж байсан. Харин өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарлаад байна.
-Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдсэн үү?
-Одоогоор албан ёсоор бүртгэгдээгүй. Зөөвөрлөгдөж ирсэн 300 орчим тохиолдол бий. Тухайлбал, Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчаас коронавирус илэрсэн. Одоогоор вирусний хувилбарыг тодорхойлох шинжилгээ үргэлжилж байгаа.
-Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд оруулахгүйгээр удаан хүлээлгэсэн хүмүүст хэзээ хариуцлага тооцох вэ?
-Тусгаарлах үйл ажиллагаа иргэдийг бухимдуулж байгааг бид ойлгож байна. Гол нь бид тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулахгүй бол дотоодод халдвар тархаж, хүнд байдалд орно. Тиймээс халдварыг хяналтгүй алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах явцад удаан хүлээлгэсэн алдаа гарсан. Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно.