“Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг ирэх жил Улаанбаатар хотноо нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
delgermaa@yahoo.com
2024-08-28 12:06:37

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаанууд үргэлжилсээр байна. Өнгөрсөн зургаадугаар сард ХБНГУ-ын Дюссельдорф хотноо Монгол, Германы уран бүтээлчдийн  хамтарсан “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг нээсэн. Тус үзэсгэлэнг 2025 онд Улаанбаатарт дэлгэж үзэгчдийн хүртээл болгох бэлтгэл ажил ид явагдаж байна.


“Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэн төслийг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр, “Кунстхалле Дюссельдорф”, Соёл Урлаг Хэвлэл Мэдээллийн Төслийн Менежмент Зөвлөгөө ТББ, “Чингис хаан” Үндэсний музей нар хамтран зохион байгуулж байна. “Кунстхалле Дюссельдорф” нь Германы болон олон улсын найм, Монголын арван уран бүтээлчийг урьж_ хамтран ажиллаж байна. Уран бүтээлч солилцооны хөтөлбөрт Германы таван уран бүтээлчийг сонгож, Монголд ажиллуулахаар явуулсан. Тэдний нэг нь Европт нэлээд нэрд гарч буй  “Slavs and Tatars” уран бүтээлчдийн нэгдэл юм.  Тус нэгдлийг 2000 оны эхээр үндэслэн байгуулагчдын нэг Паям Шарифи Улаанбаатар хотноо 2025 онд нээх “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд солилцооны хөтөлбөрөөр ирээд байхад нь ярилцсан юм.


-Та  “Slavs and Tatars” уран бүтээлчдийн нэгдлийг үндэслэн байгуулагчдын нэг. Өөрийнхөө байгууллагын талаар товчхон танилцуулна уу?

-Манай  “Slavs and Tatars” уран бүтээлчдийн нэгдэл нь 2013 онд Берлин хотод албан ёсоор  байгуулагдсан. Ер нь бол, 2006 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн.  Бид уран бүтээлийн нэгдлээ албаар  “Slavs and Tatars”  буюу “Славянууд ба татарууд” гэж нэрлэсэн. Учир нь, барууныхан славянууд болон татаруудын талаар маш сонин, тодруулбал "эзлэн түрэмгийлэгч" гэсэн ойлголттой байдаг. Бид Берлиний ханаас эхлээд Цагаан хэрэм хүртэлх орон зайд судалгаа явуулдаг. Бас үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд, эрт дээр үед хэвлэгдсэн номуудыг дахин хэвлэх, материаллаг уран бүтээлүүдийн талаар судалгаа хийх, гурав дахь нь  урлагтай холбоотой лекц улс орнуудад очиж уншдаг.


-“Кунстхалле Дюссельдорф” нь танай уран бүтээлийн нэгдлийг “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэн төслийн хүрээнд хамтран ажиллахаар сонгосон юм байна.  Монголд гаргах үзэсгэлэнгийн бэлтгэл ажил ямар явцтай байна?

-Энэ бол маш сонирхолтой төсөл. Төслийн эхний хэсэг амжилттай хэрэгжиж “Кунстхалле Дюссельдорф” орчин үеийн урлагийн музейд  Монгол, Герман уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гаргасан. Төслийн хоёр дахь хэсгийг 2025 оны эхний хагас жилд багтан хэрэгжүүлнэ. Тодруулбал, Улаанбаатар хотноо “Чингис хаан” Үндэсний музейд үзэсгэлэнгээ гаргана. Манай “Slavs and Tatars”  нэгдэл нь гадаадын уран бүтээлчидтэй маш идэвхтэй хамтран ажилладаг. “Чингис хаан” Үндэсний музейд гаргах тус үзэсгэлэнд өөрсдийн уран бүтээлчдийн бүтээлийг оролцуулах хүсэлтэй байгаа. Монголын уран бүтээлчдийн бүтээл, арга барилыг нь судалж, хамтран бүтээл туурвиж ирэх онд нээгдэх үзэсгэлэнд оролцох зорилготой.


- “Чингис хаан” Үндэсний музейд гарах  уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд Монголын болон Германы талаас хэчнээн уран бүтээлч оролцох вэ?

-Герман талаас 8 уран бүтээлч, Монгол 10 уран бүтээлч оролцоно.


-Та Монголд ирээд удаагүй байгаа. Энэ хугацаанд Чингис хаан Үндэсний музей, Чойжин ламын музейг үзэж сонирхсон. Эдгээр музей болон Монголын зураачдын бүтээлтэй танилцахад ямар сэтгэгдэл төрөв?

-Дундад Азийн орнуудын уран бүтээлчдэд байдаг комплексууд буюу сул тал байхгүй. Бүр тодруулж хэлбэл, ЗХУ-ын үеийн  нөлөө Монголын уран бүтээлчдээс олж харсангүй.


-Тэгэхлээр Монголын зураач, уран барималчид тэр нөлөөнөөс салж чадсан гэсэн үг үү?

-Салж чадсан гэж арай хэлж болохгүй байх. Үндэсний маш өвөрмөц онцлогтой, түүнийгээ сайн мэддэг, авч үлдэж чадсан тул түүнийгээ бүр онцлон үзүүлэх гээд байдаггүй. Ер нь бол, орчин үед сайн уран бүтээл туурвидаг зураач барималчид их цөөхөн болсон. Сүүлийн 20-30 жилд урлаг тэр дундаа уран зураг нь хүмүүсийг сонирхлыг маш ихээр татах болсныг судлаачид тогтоосон. Одоогоос 100 жилийн өмнө хүмүүс сүм очиж сэтгэлийн тайвшрал эдэлдэг байсан бол өнөөдөр уран зургийн үзэсгэлэнд очиж сэтгэлийн амар амгаланг олдог болсон гэнэ. Тиймээс ирэх жил Улаанбаатарт болох “Эх дэлхийгээ ангаахуй” үзэсгэлэнд Монгол, Германы уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг толилуулах ёстой.

Related news