Б.Болд: Украинд байгаа оюутнуудад санхүүгийн болон хүнсний тусламж олгохоор ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2022-02-25 15:27:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын энэ сарын 24-ний ээлжит бус хуралдаанаар, Украинд байгаа монгол оюутнуудаа эх оронд нь татан авах санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн талаар болон цаг үеийн асуудлаар Консулын газрын захирал Б.Болдоос тодрууллаа.


-Украинд байгаа оюутнууд эх орондоо ирэх хүсэлтээ эрт гаргасан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байгаа. Яагаад цагийг нь тулгаж шийдвэрлэж байна вэ?


-Сар орчмын өмнө оюутнуудын бүх мэдээллийг цуглуулж эхэлсэн. Ингээд холбогдох албаныхан оюутнуудтай холбоо тогтоож байсан. Мөн 10-аад хоногийн өмнө оюутнуудтай цахим хурал хийж, нөхцөл байдал хэвийн байгаа үед эх орондоо ирэх хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Энэ үеэр оюутнууд “Үнэхээр дайн болох уу, тодорхой мэдээлэл байгаа юу” гэж асууж байсан. Тухайн үед бид дайн болох эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгч байсан юм.


-Украинд сурч байгаа оюутнуудыг нутаг буцах бол Засгийн газраасаа албан ёсны бичиг авч ир гэсэн шаардлагыг сургуулиуд нь тавьж байсан тухай мэдээлэл бий. Энэ талаар?


-Бид оюутнуудтайгаа холбогдоод зөвлөмж өгөөд явж байсан. Ингээд нийт 68 оюутан сурдгаас 41 нь ирчихсэн байгаа. Тэгээд үлдсэн оюутнуудтай энэ сарын 22-нд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин цахим хурал хийж, эх орондоо ирэх хэрэгтэй, Засгийн газар зардлыг нь хариуцахад бэлэн байна гэж хэлсэн. Украинд үлдсэн оюутнуудын дийлэнх нь төгсөх дамжааны, бусад нь хэлний бэлтгэлд суралцаж байгаа юм билээ. Эдгээр оюутан “Хэрэв хичээлийн дундуур орхиод нутаг буцвал хэлний бэлтгэлийн оюутныг нэгдүгээр дамжаанд оруулахгүй, төгсөх дамжааны оюутанд дипломыг нь олгохгүй гэсэн шаардлага тавьж байна. Үүнд туслана уу” гэж хүссэн. Гэтэл үүнээс 24 цагийн дараа нь гэнэт дайн эхлээд, энэ асуудал түр хугацаагаар зогссон юм.

Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр бол, тэнд байнга оршин суудаг нэг монгол эмэгтэй сургуулиуд руу нь утасдаад, “Наад оюутнууд чинь нутаг буцах гээд байх шиг байна. Ер нь бол буцаахгүй байх хэрэгтэй. Хэрэв буцна гээд байвал заавал Засгийн газраас бичиг ав гэсэн шаардлага тавь” гэж хэлсэн байна. Тэгээд тэр эмэгтэй ямар зорилгоор сургуультай нь холбогдсоныг бид мэдэхгүй байна. Нарийн мэдээллийг бид судалж байгаа. Энэ эмэгтэйн үйлдлээс болж хүндрэл үүссэн асуудал бий.


-Оюутнуудыг Польш улсаас өөр орны газар нутгаар татаж авах боломж бий юу?


-ОХУ-аар дамжуулан татаж авах хувилбар бий. Энэ талаар Украины талтай ярилцсан бөгөөд одоогоор тус улсын хил хаалттай байна. Хэрэв ОХУ-аар татаж авах бол Москва дахь ЭСЯ-наас хил дээр очиж, оюутнуудаа татан авах ажлыг зохион байгуулна.


-Оюутнуудад санхүүгийн дэмжлэг өгөх үү?


-Украины агаарын хил хаалттай байгаа. Хэрэв агаарын хил нь нээгдвэл бид тусгай үүргийн нислэг үйлдээд оюутнуудаа авах боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь агаарын хил нээгдэх эсэх, зөвшөөрөл өгөх эсэхээс хамаарна. Бид оюутнууддаа мөнгө шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэтэл Харьковт банк нь ажиллахгүй байх зэрэг асуудал бий. Тэгэхээр хэрхэн шилжүүлэхээ судалж байна. Мөн Украинд байнга оршин суудаг иргэдээр дамжуулан хүнсний асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа.


ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдын өгсөн ерөнхий мэдээллийг энд дарж уншина уу.

Related news