Дэлгэцийн донтолтоос сэргийлэх ажлыг үр дүнтэй явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас дэлгэцийн донтолтоос хүүхэд
багачуудаа хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд бодитой ажлуудыг хэрэгжүүлэн
ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нийтийн номын сангаас “Дэлгэцтэй биш,
дэлгэсэн номтой нөхөрлөе” аяныг нас насны онцлогт тохируулан хүүхдүүдийн дунд
зарлан явуулж байгаа аж.
Энэ удаагийн аянд Сүхбаатар сумын 8 дүгээр цэцэрлэгийн арга зүйч У.Ундрах багшаар ахлуулсан ахлах, бэлтгэл бүлгийн 60 гаруй хүүхэд багачууд оролцож, Номын сантай танилцах аяллыг зохион байгуулжээ. Аялагч багачууд "Үлгэрээр хүмүүжье" чанга уншлагад оролцсон байна. Хүүхдүүд аяллын хүрээнд ”Боролдой хүү ба бяцхан амьтад”, "Бяцхан туулайн байшин" хэмээх үлгэрээр театрчилсан дүрийн тоглолт үзжээ. Мөн Х.Х Андерсений "Нойрсож буй гүнж", "Нугасны муухай дэгдээхэй" үлгэрүүдийг видео бичлэгээр үзэж, хамтдаа дуу дуулж, ном уншиж цагийг хөгжилтэй хөөртэй өнгөрүүлсэн байна.
