Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр дөрвөн чиглэлийн үүрэг даалгавар өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн 25-нд зохион байгуулдаг. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт болсон. ГХБХБГ-аас 2022 онд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, аймгийн түүхт 100 жилийн ой угтсан үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт өгсний дараа аймгийн Засаг дарга удирдах ажилтнуудад дөрвөн төрлийн үүрэг даалгавар өгсөн байна. Үүнд:
1. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр нь жигд ханган биелүүлэх, орлого төвлөрүүлэлт, тасарч байгаа орлогыг биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах,
2. 2022 оны төсвийн тодотголтой холбоотой шаардлагатай санал хүсэлтийг холбогдох тооцоо судалгааны хамт ирүүлэх / эрхлэх хүрээний сум, агентлагууд/,
3. Аймгийн 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны А/274 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, хариуцсан байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах,
4. Урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалт, барилга замын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдал, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор байгууллагын үйл ажиллагааг хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, байгууллагын орчин, зам талбайн хүүхэд зорчиход аюулгүй байдлыг хангаж, тодорхой арга хэмжээ авч ажиллах гэсэн үүргийг өгчээ.
Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ирэх сарын шуурхай зөвлөгөөнд танилцуулна.