Э.Мягмаржав: Загасыг үржлийн үед нь баривал хууль зөрчсөн үйлдэл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Загас их хэмжээгээр авна, чонын
мах, арьс, элэг ходоод худалдана, бөхөнгийн эвэр зарна, бугын шилний шөрмөс
худалдаж авна гэх зарын дагуу амьтдыг агнаж, эд эрхтэн, амьтны гаралтай түүхий
эдийг зарж борлуулах, худалдан авах нь ихэссэн байна. Энэ төрлийн зар ч цахим
орчинд их байна. Дэлхийн байгаль хамгаалах сангаас хийсэн судалгаанд ан амьтны
гаралтай бүтээгдэхүүний талаарх мэдээллийн 62.5 хувь нь зарна, 36.6 хувь нь
худалдаж авна, 5 хувь нь бусад буюу хамтарч ажиллана гэсэн зар байна. Энэ нь амьтны
эд эрхтнийг хэрэглэвэл өвчин зовуурьт тустай гэсэн буруу ойлголтоос үүдэлтэй аж.
Агнуурын
загасны хорионы улирал жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын
15 хүртэл эхэлдэгтэй холбогдуулан загас агнуурын тухай Завхан аймгийн БОАЖГ-ын
Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржаваас тодрууллаа.
-Агнуурын загасны хорионы улирал эхэлж байна. Манай
аймагт жилд хэчнээн ширхэг загас агнах зөвшөөрөл олгодог вэ?
-Завхан аймагт
жил бүр БОАЖЯ-наас 100-120 ширхэг загас барих зөвшөөрөл ирдэг. Гэтэл манай
иргэд төдийлөн сайн мэддэггүй. Мэдэж байгаа нь тоохгүй, албан ёсны зөвшөөрөл
авахгүй байгаа. Тиймээс агнуурын загасны хорионы улирлын үед эргүүл хяналт
шалгалтыг эрчимжүүлж ажилладаг. Мөн олон нийтэд сурталчлах ажлыг үе шаттайгаар
хийж, хэрэв зохих зөвшөөрөлгүй иргэн загас баривал байгаль орчныг
хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Ер нь зөвшөөрөлгүй загас
баривал байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2 дахь хэсгийн дагуу
амьтанд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр ногдуулдаг. Мөн Зөрчлийн
тухай хуулийн 7.6.1 дэх хэсгийн дагуу иргэнийг 150000 төгрөг, хуулийн этгээдийг
1500000 төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байдаг.
-Аймгийн иргэд хаанаас зөвшөөрөлгүй загас барьж байна вэ?
-Манай
аймгийн иргэд Богдын гол, Чигэстэй, Идэр, Буянт
гол, Ширээгийн голоос монгол хадран загасыг зөвшөөрөлгүй их
хэмжээгээр барьж байгаа нь тухайн амьтныг хомстолд оруулах гол
шалтгаан болж байна. Мөн иргэд загас барихыг хориглосон хугацаанаас бусад
үед загас барихдаа тухайн сумын байгаль хамгаалагчаас зөвшөөрөл, эрхийн бичиг
авах ёстой юм. Нэг эрхийн бичигт хуулийн дагуу 10 хүртэлх загасыг
гурав хоногт барихаар бичилт хийх бөгөөд тухайн амьтны экологи-эдийн
засгийн үнэлгээний 20 хувь буюу монгол хадран загасыг нэг ширхгийг барихад 1000
төгрөг, зэвэг загас 3400 төгрөг гэхчлэн өөр өөр үнэлгээтэй байдаг.
-Улаагчны Хар нуурын загас зарна, авна гээд зарууд
их бий. Энэ нь хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй гэсэн үг үү?
-1982 оноос хойш Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурт Байгалийн омуль, Бух зарам загасыг нутагшуулан судалгааны ажил хийж байгаа.
Улаагчны хар нуур 2010 онд Улсын тусгай хамгаалалтай газар нутагт орсон. Ийм учраас Улаагчны Хар нуураас загас баривал Эрүүгийн хууль болон тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар хориглосон хуулийн зохицуулалттай.
Ер
нь бол зөвшөөрөлгүй барьж байна гэсэн үг юм. 2020 онд Идэрийн голын сав
газрын захиргааны захиалгаар ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгээр
Идэрийн голын загасны зүйлийг тогтоох судалгааны ажлыг гүйцэтгүүлсэн.
Энэ судалгаагаар Идэрийн голын загасыг хамгаалах, ашиглах журамтай болсон.
-Ер нь бүх төрлийн загасыг барьж хүнсэнд хэрэглэж
болох уу? Барьдаггүй загас гэж бий байх?
-Монгол
орны хэмжээнд нийт 9 баг, 15 овог, 79 зүйлийн
загас бүртгэгдсэн байдаг. Харин Завхан аймгийн томоохон гол нууруудад
12 зүйлийн буюу шөвгөр хоншоорт зэвэг, тул, байгалийн омуль,
бух зарам, цагаан загас, монгол хадран, шивэр хадран, ердийн цурхай,
Алтайн сугас-Шар сугас, нохой сугас, гутаарь, алгана гэсэн төрлийн загас
байдаг. Мөн Монгол оронд цэнгэг усны 13 овгийн 76 орчим зүйлийн загас
амьдардаг. Эдгээрийн 28 зүйл нь агнуурын ач холбогдолтой. Онон Балж, Хэрлэн,
Улз, Халхын гол, Буйр нуур, Хөх нуур гэх мэт зүүн бүсэд байх голууд Номхон
далайн ай савд орно. Тэнд булуу цагаан, улаан далбаат, Амар мөрний цурхай, Амар
мөрний хадран, улаан живэрт зэрэг ховор загас элбэг. Харин могор хилэм загас
нэн ховорт тооцогддог. Хойд мөсөн далайн ай савд Хөвсгөл, Тэрхийн цагаан нуур,
Өгий нуур орох бөгөөд тэнд Хөвсгөлийн хадран, зэвэг, алгана загас элбэг байдаг.
Гадагш урсгалгүй ай савын Увс нуур, Хяргас нуур, Сангийн далай, Бөө цагаан гэх
мэт томоохон нуурт Алтайн сугас, нохой сугас, монгол хадран амьдардаг.
Тэдгээрийг Монголын унаган загас гэж нэрлэдэг.
-Загас агнуурын хорионы улирлыг тайлбарлаж өгөхгүй
юу?
-Загас
агнуурын хорионы улирал гэдэг нь тухайн загасны үржлийн үед барихыг л хорьж
байгаа явдал юм. Загас нь ургамал болон махан идэштэй байдаг. Улаан нүдэн,
живэр гэх мэт нь ургамлаар хооллодог бөгөөд ургамал эсвэл чулууны доор
амьдардаг. Махан идэшт загаснууд гэвэл тул, зэвэг, нохой сугас, цурхай гэх мэт
болно. Тэд гол нуурын гүн хэсэгт жижиг загас жараахайгаар хооллон амьдардаг.
Агнахыг хориглож Улаан номд оруулсан загас бол Хөвсгөлийн омоль, хилэм загас юм. Тухайлбал амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлд буюу, 10.1.6-д зааснаар загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур хэрэглэхийг хориглодог.
Мөн 10.1.7-д зааснаар ахуйн
хэрэгцээнд загас барихад тор хэрэглэхийг
хориглоно. Мөн хуулийн 10.1.9-д зааснаар гол,
мөрөнд бүх төрлийн завиар загасчлахыг
хориглосон байдаг. Харин энэ хуулийн 11.1.1-д зааснаар шуурга,
ган, зуд, үер, мөндөр, түймэр зэрэг гамшигт нэрвэгдсэн болон гол, мөрөн, намаг,
шаварт орох зэрэг биеэ хамгаалах чадваргүй болсон агнуурын амьтныг агнах, барихыг мөн хориглосон
байгаа. 11.1.11-д зааснаар үйлдвэрлэлийн
зориулалтаар загас барих бүх төрлийн торны нүдний хэмжээ 50х50 мм-ээс доош байхыг хүртэл нарийн зааж
өгсөн байдаг. Тиймээс иргэд загас агнуурын хорионы энэ хугацаанд загасыг
зөвшөөрөлгүй барихыг хориглоно. Хэрэв та хорионы улирлын бусад үед загас
барихаар бол заавал зөвшөөрөл авахыг сануулж байна.
-Ер нь загас барих, агнах хоёр ялгаатай юу?
-Загас барих нь судалгаа шинжилгээ, нөхөн сэргээх, нутагшуулах, хобби сонирхол, танин мэдэхүй гэх мэт шалтгаанаар бариад, гэмтээхгүйгээр усанд буцаан тавихыг хэлдэг. Харин агнах гэдэг нь үйлдвэрийн болон ахуйн зориулалтаар загасыг олноор болон цөөн тоогоор барьж, ашиглах, хэрэглэхийг хэлнэ. Бид байгалийн нөөц баялгийг шавхагдахгүй мэт ойлгож, харьцдаг нь экологийн тэнцвэрт байдал алдагдах томоохон шалтгааны нэг болж байна. Бидний төдийлөн сайн мэддэггүй усан доорх амьдрал жилээс жилд доройтолд орж, загасны тоо толгой буурсаар байгааг тоо баримт, судалгаанууд харуулж байна. Загас ховордох хэд хэдэн томоохон шалтгаан нь хууль бус агнуур (ичээ болон үржлийн нүүдэл хийх үед олноор агнах), уул уурхай ашиглалт, олборлолттой холбоотой амьдрах орчны доройтол, иргэдийн загас хамгаалах мэдлэг мэдээлэл хомс байгаатай холбоотой. Иймд агнуурын загасыг бүс нутгийн хэмжээнд судлах, үржлийн болон ичээ газруудыг тогтоох, хамгаалах, үржүүлэх замаар тогтвортой популяцийн бүтэц бий болгох, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, гол мөрөн, нуурын ай савыг хамгаалах оновчтой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч байна. Загасыг үржлийн үед нь баривал бүр мөсөн устах аюултайгаас гадна хууль зөрчсөн үйлдэл юм.
-Танд баярлалаа.