Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-04 14:13:58
Хэнтий /МОНЦАМЭ/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хэнтий аймагт хүрэлцэн ирж, аймгийн бүх сургуулийн удирдах ажилтан, санхүүгийн ажилтнууд, багш нараас бүрдсэн 300 шахам хүнд боловсролын салбарын төсвийн шинэчлэл, эрх зүйн реформтой холбоотой уулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тэрбээр багш нарт Төсвийн болон Хууль, эрх зүйн шинэчлэл, 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог, Чанарын үнэлгээний тогтолцоо гэсэн 4 багц асуудлаар мэдээлэл хүргэж байна. Үүнчлэн "Ковид-19" цар тахлын үед цахим сургалтыг амжилттай зохион байгуулсан удирдах ажилтнууд, багш нарт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцгойлон талархал илэрхийлж, нэр цохон яамны хүний нөөцөд бүртгэгдсэнийг мэдээлэв.
Мөн үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар хүрэлцэн ирж, багш нарт тойргийн гишүүдийн хийж хэрэгжүүлж буй болон төлөвлөсөн ажил, аймгийн боловсролын салбарын бодлого, хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа. Мөн Б.Бат-Эрдэнэ нарын өргөн барьсан Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн үзэл санаа, Хэнтий аймгаас хэрэгжин эхэлж буй “Хүмүүнлэг, Эрүүл чийрэг, Бүтээлч монгол хүүхэд” сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэлээ.
Тухайлбал, тус хөтөлбөр нь хүүхдийг Дэлхийн хүн төрөлхтний хүмүүнлэг ёс, Монгол уламжлалт ёс заншлыг өвлөн тээгч, ёс зүйтэй, хүнлэг сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх, Биеийн 12 чанарыг хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг амьдралдаа хэвшүүлэх, Хөдөлмөрөөр хүмүүжсэн бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгох зорилготой юм.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг салбартаа томоохон өөрчлөлт, менежмент хийж байгааг онцолж багш нарыг зөөврийн компьютертэй болгох ажлыг тойргийн гишүүдийн зүгээс санаачлан ирэх онд олгох зорилт дэвшүүлсэн. Үүн дээр салбарын сайд мөн багш нараа компьютержүүлэх ажлыг санаачилж, багш нарын 30 хувьд компьютер олгох болсонд талархал илэрхийллээ.
Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгонд төрийн өмчийн 25, хувийн хэвшлийн 1, Насан туршийн боловсролын төв 1, нийт 27 ерөнхий боловсролын сургуульд 16420 хүүхэд суралцаж, 25 дотуур байранд 1298 хүүхэд амьдарч, 1390 багш ажиллагсад хүүхдийн сайн сайхны төлөө үүрэг хүлээн ажиллаж байна. Мөн төрийн өмчийн 33, хувийн 2, хүүхдийн ясли 1, нийт 36 цэцэрлэгт 5824 хүүхэд суралцаж, 769 багш ажилтнууд ажиллаж хүүхдийн өмнө үүрэг хүлээж байна. Үүний 5824 нь 2-5 настай нийт хүүхдийн 81.8 %-ийг эзэлж байгаа бөгөөд 5170 нь үндсэн бүлэгт танхимаар суралцаж байна.
Хэнтий аймаг нь 2022 оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлаад байна. Онцлох ажлуудаас дурдвал:
Оны шилдэг багшийг 2010 оноос эхлэн шалгаруулж 500 000 төгрөгөөр урамшуулдаг байсан бөгөөд одоо 1 000 000 төгрөг болж, цэцэрлэгийн бага анги, дунд анги гэж 3 төрлөөр урамшуулдаг болжээ.
Багш нарын хосолсон сургалтын чанарыг сайжруулах зорилгоор 25 сургууль, 8 цэцэрлэгт цахим багш хөгжлийн төвийг байгуулсан. (1 төв 19 сая төгтөг)
Цэцэрлэгийн “Хүүхэд хөгжил” хөтөлбөр, Хүмүүнлэг эрүүл чийрэг бүтээлч монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэх 3 тулгуурт хөтөлбөр, "Залуу малчин", “Зөв зан чанарыг бага наснаас нь төлөвшүүлэх” төслүүдийг хэрэгжүүлж байна.
Related news