Уран барималч Ц.Амгалангийн бүтээлүүдийг толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-10 09:40:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “Тэмүүлэл” уран бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд өчигдөр нээлээ.

 

Үзэсгэлэнд тус галерейн сан хөмрөг болон уран бүтээлчийн 40 гаруй жилд туурвисан сор бүтээлүүдийн дээжээс дэлгэжээ. Зураачийн сор бүтээлүүдийг нэг дор толидохоос гадна бүтээлийн эх эскизүүдтэй танилцах боломжтой юм.

 

Уран барималч Ц.Амгалан 1977 онд Ленинград хотноо И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд барилгын дээд сургуулийг уран барималч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр “Улаанбаатарын гудамжинд”, “Анхны алхам”, “Бүжигчин эмэгтэй” гэх мэт олон баримал хийсэн нь Монголын дүрслэх урлаг дахь жижиг хэлбэрийн баримал хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

 

1979 оноос Халх голд “Монгол улсын хилчин дайчид”-ын хөшөө босгосноор монументаль (том хэмжээний) баримал, хөшөө бүтээх эхлэлээ тавьжээ.

 

1981-1984 онд Монгол, Зөвлөлтийн уран бүтээлчдийн групп 55 метр өндөр зэс хөшөөг бүтээснээр (уран барималч А.Н.Бурганов, Ц.Амгалан, Л.В.Мисожников, Д.Чойжилжав) 1986 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн юм.

 

Мөн хотын цэцэрлэг парк сэдэвт нэрт баримлуудаас нь дурдвал “Гурван унага”, “Хос хун” усан оргилуур, “Үлэг гүрвэлийн парк” (хүүхдийн парк), Тэрэлжийн зам дахь Антын аманд Монгол нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүдийг амьд хэмжээгээр нь бүтээж парк байгуулж байжээ. Мөн хот болон орон нутагт улсын баатар, нэрт зүтгэлтэн, тэмдэглэлт ойн хөшөө дурсгал олныг бүтээсэн байдаг.

 

Тэрбээр олон улсын баримлын симпозиумуудад амжилттай оролцож, Монголын монгол хүний бүтээсэн урлагийн бүтээл, монголын өв, соёл, түүхийн нэгээхэн хэсгийг үүрд мөнхлөн үлдээж иржээ. Түүний олон улсад урласан томоохон бүтээлүүдээс дурдвал “Тэмээн зэрэглээ” (БНХАУ Бээжин хот Баримлын парк) “Талын уянга” (БНХАУ, Чан Чун хот), “Найман шарга” (БНХАУ Шинхен хот баримлын парк) “Зэрэглээн дундах адуу” (АНУ Нэшуа хот),“Онгод” (АНУ Бруклайн хот), “Тэмүүлэл” (Итали Улс Үдин хот), “Чингисийн эр хоёр загал” (Канад Улсын Ред Дийр хот), “Заг” (Австрали Улс, Сидней хот) хадгалагдаж байна.

 

Уран зургийн галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 4000 орчим уран бүтээл хадгалагдаж байдгаас ахмад уран бүтээлчдийн бүтээл сан хөмрөгийн суурийг тавилцсаныхаа хувьд хүндтэй байр суурийг эзэлдэг. Тиймээс Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, улсын сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдийн дахин давтагдашгүй сор бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор 2019 оноос Ахмад уран бүтээлчдийн “Оршихуй” хэмээх нэгдсэн үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Энэ цагаас эдүгээ хүртэл ахмад уран бүтээлчдийн нийт 7 удаагийн үзэсгэлэнг зохион байгуулжээ.

 

Тус үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
















Related news