287 мянган ам метр талбайн шарилжийг цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-24 13:53:16

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд 297 мянган м2 талбайн зэрлэг ургамлыг устгасан талаар өнөөдөр НЗДТГ-аас мэдээлэв.

Энэ жил хур бороо элбэг байснаас Улаанбаатар хотод лууль, шарилж мэт зэрлэг ургамал /хөл газрын ургамал/ харьцангүй ихээр ургасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг  энэ оны долдугаар  сарын 01-нээс есдүгээр сарын 01-нийг хүртэл зохион байгуулж байна. Аяны эхний шатанд энэ оны долдугаар сарын 01-30 хүртэл хүртэл Үндэсний их баяр наадам, АСЕМ-11 олон улсын дээд хэмжээний чуулга, уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70 мянган ам метр  газрын зэрлэг ургамлыг устгаж, орчныг цэвэрлэжээ. Мөн гэр болон орон сууцны хороолол доторх 140 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг устгасан байна.

Харин энэ сарын 01-нээс эхэлсэн хосрдугаар шатанд нийслэлийн 9 дүүргийн 505 байгууллага, аж ахуйн нэгж, 162 Сууц өмчлөгчдийн холбоо орчны зэрлэгээ хийжээ.

Мөн аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан энэ сарын 06, 20-нд Сэлбэ, Дундгол орчим болон Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр замын зэрлэг ургамлыг устган орчныг цэвэрлэв.

Ч.Ариунболд

Related news