СҮХБААТАР: “Судар эгшиглэн” төслийн уралдаанд оролцогчийн тоо 10 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-21 12:31:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн шилдэг уншигчдыг шалгаруулдаг "Судар эгшиглэн" төсөл хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ удаагийн уралдаанд 2881 оролцогчийн 16 мянга гаруй бүтээл иржээ. Өнгөрсөн жилийн уралдаанд 300 гаруй уншигч оролцож байсан бол ийнхүү оролцогчийн тоо даруй 10 дахин нэмэгджээ. Энэ нь уралдааны ач холбогдол, үр дүнг илтгэж буй гэдгийг төслийн санаачлагч, зохион байгуулагчид онцолж байна.


Сүхбаатар аймгийн хэмжээнд бүх нийтийг номтой нөхөрлүүлэх зорилго бүхий уралдаанд оролцогчид зөвхөн ном уншаад зогсохгүй уншсан номоосоо сэдэвлэн бүтээл хийсэн нь онцлог байлаа. 429 оролцогч 1389 ширхэг номын бүтээл, мөн 667 оролцогч 1167 ширхэг номын хавчуурга хийжээ. Ингэхдээ бүтээл тус бүрийг гарын доорх материал болон хаягдал материал ашиглан хийжээ. Бүтээл бүр дахин давтагдашгүй, сонин содон байх бөгөөд эдгээрээс онцлох 10 бүтээлээр дурсгалын зурагт карт гаргажээ.

Уралдааныг сургуулийн гурван нас, насанд хүрэгч гэсэн ангиллаар зохион байгуулан шилдгүүдээ шалгаруулсан юм. Шилдэг уншигч А.Идэрзаяа анхны жил охиноо дэмжин оролцуулж байсан бол энэ жил охинтойгоо хамтдаа оролцож улмаар хоёулаа шилдэг уншигч болов. Түүний хувьд 20 ширхэг ном уншиж, номын тэмдэглэлээ кирилл болон монгол бичгээр хослуулан хийжээ. Уг уралдаанд оролцсоноор гэр бүлээрээ ном уншиж, өөр хоорондоо ярилцан, хэлэлцүүлэг өрнүүлдэг болжээ. Ингэснээр гэр бүлд илүү дотно харилцаа бий болж, хамтдаа чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлж хэвшжээ.

Харин ЕБС-ийн дунд ангийн ангилалд шилдгийн шилдэг уншигч болсон Э.Даваасугар 15 ном уншжээ. Номын тэмдэглэлээ хөтлөхдөө зургаар илэрхийлэхийг илүүд үзсэн байна. Энэ нь бусдад илүү ойлгомжтой байхын зэрэгцээ өөрт нь ч бүтээлч байдаг гэнэ. Г.Мэнд-Ооёогийн Шилийн богд роман хамгийн сонирхолтой байсан тухай ярилаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн уралдаанд шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байсан бөгөөд энэ удаад тэргүүлэх зорилгыг өөртөө тавьж ийнхүү амжилттай оролцжээ.


"Судар эгшиглэн" төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байгаа. Мөн энэ жил аймгийн Засаг дарга, ЗДТГ хамтран ажиллаж төсвийн 50 хувийг шийдвэрлэсэн нь энэхүү уралдаан төрийн хэмжээнд үнэлэгдсэн, цаашлаад төслийн баг хамт олон төртэй хамтран улс, бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Ийнхүү Сүхбаатарынхан ямар оюунлаг болж байгааг, номыг зөвхөн уншаад зогсохгүй бүтээл болгон хөгжүүлж байгааг "Судар эгшиглэн" төсөл олонд таниулсаар байна.


 

Related news