СЭЛЭНГЭ: Байгаль орчин, аялал жуулчлалын газар улсдаа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-03 10:57:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын хамт олон Байгаль орчин, аялал жуулчлалын салбартаа улсдаа тэргүүлсэн амжилтаар шинэ оноо угтжээ.


Тус газрынхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан 2022 онд хамтран ажиллах гэрээг 95.1 хувиар биелүүлсэн байна.

 

Улсдаа манлайлсан үзүүлэлтүүдийг онцолбол:

 

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээгээр ойн салбарын хүрээнд тайлант хугацаанд ойн нөөц ашигласны төлбөрийн орлогыг 1.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Гэвч үүнийг 7.8 тэрбум төгрөг болгон өсгөж, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

 

Энэ нь 6.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5 дахин аж. Үүнд хэрэглээ, түлээний мод ашигласны төлбөр, ойн дагалт баялаг ашигласны төлбөр зэрэг олон үзүүлэлт багтдаг байна.

 

-Сэлэнгэ аймаг 2022 онд ус ашигласны төлбөрийн орлогыг 900 сая төгрөгөөр төлөвлөжээ. Эндээс 1,408,644,312 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, 508,644,312 төгрөгөөр давж биелсэн амжилттай аж.

 

-Мөн Уул уурхайн нөхөн сэргээлтийн хувьд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 онд дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж 112.45 га талбайд техникийн, 89.74 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийжээ.

Аймгийн хэмжээнд эвдэрч олон жил эзэнгүй орхигдсон нийт 257.4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлынхаа үзүүлэлтээр улсдаа гутгаар байрт шалгарсан байна.

Мөн нөхөн сэргээлтийн арга хэмжээний хүрээнд 710 ширхэг жимс, жимсгэний мод тарьж, Ерөө сумын “Хужиртын эх” нэртэй булгийг хашиж хамгаалжээ. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 396,081 ширхэг мод, бут тарьж ургуулсан зэрэг амжилтаар улсдаа манлайлж, шинэ оноо угтжээ.

 

Related news