СЭЛЭНГЭ: 102 настай Н.Осор гуайд Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-21 22:25:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ /МОНЦАМЭ/. XVII Жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн гарын бэлгийг Сэлэнгэ аймгийн хамгийн өндөр настай Н.Осор гуайд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гардуулан өгч хүндэтгэл илэрхийллээ.

Жил бүрийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хамгийн өндөр настай буюу 100-гаас дээш настай ахмадуудад гарын бэлгээ хүргүүлдэг уламжлалтай билээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Н.Осор буурай өдгөө 102 насны сүүдэр зооглож байгаа бөгөөд ануухан сайхан ярьж, хөөрч, дуу сонсон баярлаж сууна.

Өнгөрсөн жил дахиж ирээрэй хэмээн ярьж үлдсэн буянтай буурайдаа өнөө жил яаран яаран ирсэндээ туйлын их баяртай байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр Н.Осор гуайд Төрийн тэргүүний бэлгийг дамжуулан өгөхийн зэрэгцээ хувийн зүгээс мөн хүндэтгэл илэрхийллээ.


Залуу насандаа мал маллаж, тогоочийн мэргэжил эзэмшин хөдөлмөрлөж явсан буурай маань хуурын эгшигт баясан, үлэмжийн чанарыг даган дуулсан юм.

 

Related news