“Худалдагч охин” кино Азийн кино наадмын “Алтан дугуй” шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-10 07:54:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин" /"The sales girl"/ кино Францын Вэзүль /Vesoul/ хотноо болдог Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ.

 

1995 оноос хойш зохион байгуулж буй Festival International des Cinemas d'Asie de Vesoul наадам нь Азийн киноны шилдгийг шалгаруулдаг Европын хамгийн том кино наадам юм. Энэ жил Вэзулийн кино наадамд Монгол, Азербайжан, Сингапур, Вьетнам, Киргиз зэрэг 31 орны 85 бүтээл шилдгийн төлөө өрсөлджээ.


Жил бүр 30 мянга гаруй үзэгчид долоон төрлөөр 90 орчим киног сонирхуулдаг энэхүү наадмаар 12 шагнал гардуулдгийн тэргүүн нь болох “Cyclo d'or” буюу “Алтан дугуй” шагналыг “Худалдагч охин” кинонд хүртээсэн байна. Энэ тухай телевизийн France3 суваг мэдээлэхдээ, "...Наадамд эцсийн шатанд шалгарсан Хятад, Вьетнам, Азербайжан зэрэг 9 улсын кинонуудаас олон улсын шүүгчид санал нэгтэйгээр "Худалдагч охин" кинонд тэргүүн шагналыг олголоо. Тэргүүн шагнал хүртсэн найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж “Энэ бол Монголын кино урлагт үзүүлсэн хүндэтгэл, нэр төрийн хэрэг юм” хэмээн талархлаа илэрхийлэв" хэмээн онцолжээ.


"Худалдагч охин" уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын 28-наас Японы кинотеатруудад албан ёсоор нээлтээ хийх аж.






Related news