ДАРХАН-УУЛ: Шарын гол суманд хамгийн олон казах иргэд амьдардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан /МОНЦАМЭ/. Өнөөдөр казах түмний өвлийг өнтэй давж, хуучин оноо үдэж, шинэ жилээ угтдаг Наурызын баяр тохиож байна.
Энэхүү өдөр буюу “Наурыз”-ыг зөвхөн казах түмний төдийгүй, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаас “Олон улсын баяр” хэмээн албан ёсоор баталсан, ЮНЕСКО-гийн Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэгдсэн, нийт хүн төрөлхтний баяр хэмээн тунхагласан. 400 орчим сая хүн энэхүү баярыг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд түүний нэг хэсэг нь манай улсын казах үндэстнүүд юм. Казахын ард түмэн Баян-Өлгий аймагт оршин суухаас гадна эх орны өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байна.
Өмссөн
хувцас нь өнгөлөг, аялгуу эгшиг нь тансаг ард түмний төлөөлөл найрамдлын Дархан
хотыг байгуулах их үйлсээс эхлэн хүчин зүтгэж, одоо ч нийгмийн олон салбарт
ажиллаж, хөдөлмөрлөж байна.
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 570 гаруй айл, өрхийн 3000 гаруй иргэн амьдарч байна. Тухайлбал, Дархан суманд 150, Хонгор суманд 90, Шарын голд суманд 330 гаруй буюу хамгийн олон өрх байна.
Төвийн бүсийн тулгуур төв болтлоо хөгжсөн Дархан
хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байсан казахын ард түмнээс дурдвал:
1970-аад оноос ЗХУ-д инженер мэргэжил эзэмшиж, шууд
Дарханд ажиллахаар хуваарилагдаж байсан С.Жалиль, Х.Хавлашим, С.Асылхан, Х.Мархашхан нараас эхлээд Маулим, Магзум, Хахша зэрэг олон
ахмад Дархан хотын хөгжил цэцэглэлт, тэр
дундаа дулааны цахилгаан станц,
Силикат тоосгоны үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байжээ. Мөн Асаби, Ж.Хумарбек, Хабидан, Төлеген, Сабаз
нарын олон казах иргэд Шарын голын нүүрсний уурхайд ажиллаж байсан бөгөөд тэдний залгамж халаа одоо ч ажиллаж, хөдөлмөрлөж
байна. Тухайн үед Хабидан, Төлеген нарын олон ахмад норм төлөвлөгөөгөө хэд дахин
давуулан биелүүлж байжээ.
Түүнчлэн Шарын голын нүүрсний уурхайн анхны даргаар Ч.Мусахан гэх казах иргэн томилогдож байжээ. Гэвч Шарын голын түүхэнд дурсагдахгүй, мартагдсанд Дархан-Уул аймагт амьдарч буй казах иргэд сэтгэл дундуур байдаг талаар хуучилж байлаа. Мөн уурхайн анхны эксковаторыг хөдөлгөсөн хүн нь Ж.Асаби гэх казах иргэн байжээ.
Малчин, тариаланч, барилга, эрчим хүч, их дээд, дунд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба, соёл, урлаг гээд казах иргэн ажилладаггүй салбар огт үгүй. Тэр дундаа уул уурхайд, ХАА-н салбарт хамгийн олон казах иргэн ажиллаж байна. Сайчуудаас дурдвал, Улсын тэргүүний малчин Д.Хайбар, Т.Давидхан, Бухар, “Алтан төл”-ийн эзэн Уайхан, С.Мурат нарын олон иргэн байна.
60 гаруй жилийн хугацаанд нийгмийн бүхий л
салбарт хүч, хөдөлмөрөө зориулсан тэдний дундаас болзлыг нь хангасан ч гавъяат, хөдөлмөрийн баатар хараахан төрөөгүй
ч, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Х.Мархашхан,
Асылхан, Баяннуур, Ж.Конференция нарын
хуруу дарам хүмүүс шагнуулж байжээ.
Дархан-Уул аймагт амьдардаг иргэдийн тухайд Наурыз баярыг 1990-ээд оноос гэртээ, ах, дүү, айл саахалтаараа тэмдэглэж эхэлсэн бол 1995 оноос нэгдсэн үйл ажиллагааг сум, сумандаа зохион байгуулж хэвшжээ. Ингэхдээ тэд үндэсний соёл урлагийг сурталчлах, хойч үеийнхэнд ухуулан таниулах зорилготой концерт, жүжиг тоглох, уралдаан тэмцээнүүд зохион байгуулж, архи, согтууруулах ундаагүй тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай ажээ.
Нийгмийн гадуурхалт, хэл яриа, яс, үндсээр ялгаварлан гадуурхах байдлын талаар нэгдсэн судалгаа, асуумж, хийгдэж байгаагүй ч өнөөдрийг хүртэл гадуурхах, салан тусгаарлахыг тулгах, үл ойлголцол, дээрэлхэлтийн мэдээлэл ирж тэмдэглэгдээгүй гэж Казах иргэдийн холбооны тэргүүн Х.Төмөрхан онцолж байлаа. Харин эх хэлээрээ суурь боловсрол эзэмших, үндэсний урлаг, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд багагүй бэрхшээл тулгардаг ажээ.
Энэ жилийн Наурызын баярыг Дархан, Хонгор, Шарын гол
сумын иргэд гуравдугаар сарын 20-ны өдөр тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаа нь казах ард түмний зан заншил, өв уламжлал,
өвөрмөц соёлыг харуулсан баярын тоглолт, үндэсний хэв маягийг агуулсан
тоглоом найдгай зэргээр өрнөжээ. Гурван суманд зохион байгуулсан Наурызын
баярын үйл ажиллагаанд Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын
гишүүн Г.Дамдинням, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нар оролцож, улс, аймаг орон нутгийн хөгжилд
оруулсан хувь нэмрээрээ хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн иргэдэд Монгол Улсын төрийн дээд одон, медаль болон аймаг
орон нутгийн шагнал
гардууллаа.